Туул голын сав газрын 63 тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-28 10:26:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар Туул голын сав газрын 63 тусгай зөвшөөрлийг цуцалж, 33 аж ахуйн нэгжийн лицензийг дуусгавар болгожээ.

Үүнтэй холбогдуулан дүүргэгч материал болох бетоны элс хомсдож, үнэ 1,5 дахин нэмэгдэж, үйлдвэр дээрх нэг шоо метр элсний үнэ 18000₮ болсноос бетон хольцын үнэ өсжээ. Нийслэлийн хэмжээнд ашиглалтын 100, хайгуулын 47 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Улаанбаатар хотын 100 км радиуст байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын орд гэхэд барилгын чулууны 62, барилгын элсний 26, өнгөлгөөний чулууны 4, тоосгоны шавар 79, элс, хайрганы холимог 66 илэрц байна. Төв аймагт 53 орд, илэрц байгаа. Манайд Туул гол, Дархан, Сэлэнгийн бүс Хараа голын сав газраас бетоны сайн чанарын элс олборлох боломжтой юм.

Түүнчлэн, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тоосгоны 6 үйлдвэрийн шаврын ордын лицензийг цуцалсан нь тоосгоны үнийг 2 дахин өсгөх шалтгаан болжээ. Эдгээр асуудлын талаар БХБЯ, УУХҮЯ, БОАЖЯ, АМГТГ, НЗДТГ, НБОГ, МХЕГ, НГЗБА, СХД-ын газрын алба, ХУД-ын газрын алба, Төв аймгийн ЗДТГ, Төв аймгийн ГХБХБГ, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Элс хайрга, дайрга үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл өчигдөр уулзан санал солилцов. Энэ үеэр төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, барилгын ажилд хэрэглэх элс, хайрга, дайрганы хэрэгцээг жил тутам гаргах, ажлын хэсэг байгуулж элс хайрга, дайрганы орд, илэрцийн судалгаанд үндэслэн барилгын үйлдвэрлэлд хэрэглэх түгээмэл тархацтай ашигт малтмалын хэрэгцээг аймаг, нийслэлийн хэмжээнд шийдэхээр ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ