Р.Булган "Анюта"-гийн дүрийг бүтээсэн анхны ази балетчин болжээ

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-10-28 10:46:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Пермь хотноо Оросын алдарт балетчин Екатерина Сергеевна Максимовагийн нэрэмжит Олон улсын балетын "Арабеск” тэмцээний нээлт энэ сарын 24-нд болжээ.

Нээлтэд зориулан В.Гаврилины бүтээл “Анюта” балетыг тайзнаа тавихад гол дүрд Монголын балетчин Р.Булган тоглосон байна. 

Харин "Анюта"-гийн эцэгт балетчин, багш, театрын найруулагч, ЗХУ-ын Ардын жүжигчин, Лениний одонт, ЗХУ-ын болон ОХУ-ын Төрийн шагналт В.Васильев тогложээ. Р.Булган  балетын хаан гэгдэг В.Васильевтэй хамт нэгэн тайзнаа "Анюта"-г амилуулснаараа Монголын балетын түүхэнд онцгой үйл явдал болж байна. Учир нь, Монголын балетын түүхэнд төдийгүй Ази хүн Владимер Васильевийн “Анюта”-гийн дүрд тоглосон тохиолдол өдийг хүртэл байгаагүй аж. Харин Монголын балетчин Р.Булган "Анюта"-гийн дүрийг бүтээсэн анхны монгол, ази балетчин болжээ. Балетчин Р.Булган Анютагийн дүрийг гурав хоногт бэлтгэн мэргэжлийн өндөр түвшинд тайзнаа амилуулж, үзэгчдээс өндөр үнэлгээ авчээ.

Р.Булган ОХУ-ын "Алтан маск" шагналд нэр дэвшсэн Монголын анхны балетчин юм. Тэрээр Герман улсад төрж, гурван сартайдаа аав, ээжтэйгээ Монголдоо ирж амьдарсан байна. Тэрээр бага наснаасаа балетын урлагаар хичээллэсэн бөгөөд МУГЖ Х.Гэрэлчимэг багшийн шавь аж.  Вагановын урлагийн тусгай мэргэжлийн сургууль, Пермийн бүжгийн сургуулийг тус тус төгсжээ. Одоо Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн Театрын балетын гоцлоочоор ажиллаж байна. 

Р.Булган 2018 оны тавдугаар сард Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртэж байжээ. 


Холбоотой мэдээ