Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал үргэлжилж байна

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-28 11:55:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Б.Хурц нарын давж заалдах шатны шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болж байна.

Шүүх хурал 10 цагаас эхэлсэн бөгөөд одоогоор илтгэгч шүүгч хэргийг дэлгэрэнгүй тайлбарлаж байна.

Энэ хэргийг НПГ-аас  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1-т зааснаар гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих, мөн энэ хуулийн  251 дүгээр зүйлд зааснаар эрүү шүүлт тулгах зэрэг зүйл заалтыг үндэслэж  Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн билээ.

Дээрх нэр дурдсан хүмүүсийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон юм.

Тодруулбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ. 

 

Холбоотой мэдээ