Ургац хураалтын ажил удаашралтай байгаа долоон суманд ажлын баг гарч ажиллав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-28 16:08:05

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн ургацын штаб хуралдаж ургац хураалтын ажил удаашралтай байгаа долоон суманд гурван ажлын баг гарч ажиллахыг үүрэг болгов.

Тус хуралдааны дагуу аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албаны дарга С.Ганчимэг, Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Э.Гэрэлцогт нар Аргалант, Баянцогт суманд ажилласан бол Мэргэжлийн хяналтын газрын дарга Э.Энхтуяа, ХХААГ-ын газар тариалангийн албаны мэргэжилтэн Ц.Алимантуяа нар Баянчандмань, Борнуур, Жаргалант суманд ажиллажээ. Харин ХХААГ-ын аж ахуйн албаны дарга Х.Түвшинжаргал, ХХААГ-ын газар тариалангийн албаны мэргэжилтэн Г.Цоггэрэл нар Угтаалцайдам, Эрдэнэсант суманд тус тус ажилласан байна. Ажлын хэсэг тус бүр сумдын ургац хураалтын штабыг хуралдуулж, орон нутгийн удирдлага болон салбар хариуцсан мэргэжилтэн, штабын гишүүдийн хамт ургац хураалтын ажлын явц болон удаашралтай байгаа аж ахуй нэгж, иргэний талбайд очиж цаг үеийн байдалтай танилцаж зөвлөмж өгчээ.

Тухайлбал энэ сарын 20-нд Эрдэнэсант суманд цас орж шуурснаар цасны зузаан нэмэгдсэн нь ургац хураалтын ажлыг удаашрах нөхцөл бүрдсэн бол бусад суманд хур тунадас бага хэмжээгээр орсон нь ургац хураалтын ажил 1-2 хоногоор  саатсан байна. Одоогоор ургац хураалт дусаагүй байгаа ААН, иргэний техник тоног төхөөрөмжийн хүчин чадал сайн байгаа бөгөөд энэ сарын 30-ны дотор ургац хураан авах бүрэн боломжтой гэж аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албанаас мэдээллээ. 

Холбоотой мэдээ