“Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөрийг боловсруулж байна

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-28 18:18:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний хууль зүйн бодлогын зөвлөх Ц.Нямдорж нарт ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар эрх зүйн шинэтгэлийн талаар танилцууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, мөн Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөр буюу шинэ бодлогын баримт бичгийг боловсруулж байгаа аж. Өмнө нь 1998 онд энэ хөтөлбөрийн анхны хувилбарыг боловсруулж, сүүлийн 22 жилийн турш хэрэгжсэн байна.


ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар дээрх хууль эрх зүйн бодлогын баримт бичгийг танилцуулахдаа “Монгол Улсад хэрэгжиж байгаа зарим хууль тогтоомжийг шинэчлэн найруулж, сайжруулах шаардлагатай байна. Шүүх эрх мэдлийн шинэтгэл, Хувийн эрх зүйн шинэтгэл, Хууль тогтоомжийн тухай хуулийг боловсруулах болгох мөн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сайжруулах чиглэлээр  хуулийн төсөл боловсруулж” байгаа талаар дурдлаа.


Шүүх эрх мэдлийн шинэтгэл:


Шүүх байгуулах тухай хуульд шүүхийн зарим үйл ажиллагааг цахимжуулах, шүүхийг  тойргийн журмаар, төрөлжсөн байдлаар байгуулах талаар тусгасан хуулийн төслийг ирэх 11 сард багтаж боловсруулан УИХ-д өргөн барьсан. Одоогоор хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдэж байгаа ажээ.


Хууль тогтоомжийн тухай хуулийн шинэтгэл:


Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/-ийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршдог.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсанаар “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Хуулийн төслийг боловсруулахдаа чанарын үр нөлөөг дээшлүүлж, хэрэгжилтийг үнэлэх болон хуулийг сурталчлах, мэдээлэх байнгын механизмтай болгох хуулийг боловсруулж бэлэн болгосон байна.


Иргэний эрх зүйн харилцаа, хууль тогтоомжийн шинэтгэл:


Энэхүү хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Иргэн-Иргэн” хооронд үүсэж байгаа харилцааг зохицуулж байна. Энд “Бизнес-Бизнес” буюу Арилжааны хууль болон “Бизнес-Иргэн” буюу Хэрэглэгчийн гэрээний тухай хуулийг тусгаж  хоорондын харилцааг хялбаршуулах шаардлага бий болсон байна. Арилжааны тухай хуулийг оруулснаар ашгийн төлөө үйл ажиллагааг дэмжих, гэрээг өртөг багатай шуурхай байгуулах, бүртгэл мэдээллийг ил тод болгох мөн зан заншлын хэм хэмжээг шүүх түлхүү хэрэглэх боломжоор хангах юм байна. Харин хэрэглэгчийн гэрээний тухай хуулийг тусгаснаар орон сууц худалдан авах гэрээ, банк болон банк бус санхүүгийн байгууллагын зээлийн гэрээ, утасны оператор интернет үйлчилгээний зэрэг гэрээнд тодорхой стандарт тавьж хэрэглэгчдэд ээлтэй болгох боломжтой ажээ. Мөн энэ чиглэлээр шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэх ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой юм байна. Энэхүү хуулийг боловсруулахад Худалдаа аж үйлдвэрийн танхим болон бусад бизнес эрхлэгч нарын саналыг тусгасан байна. Мөн Иргэний хуулийн 53 дугуур зүйл буюу “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэсэн заалт төдийлөн хэрэгжихгүй байгаа ажээ.

Энэ хуулийн шинэчилсэн найруулгад өдрийн зээлийг хориглох, мөнгө хүүлэхийг таслах, мөнгөн зээлд татаж байгаа мөнгө бүрийг бүртгэлтэй болгох, барьцаалан зээлдүүлэх газрыг бүртгэлжүүлэх зохицуулалтыг хуульд тусгажээ. Түүнчлэн бага үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах зохицуулалтыг мөн тусгаад байгаа юм. Тодруулбал, заавал бага үнийн дүнтэй хэргийг 3-4 шүүх дамжиж хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.


Эрүүгийн эрх зүйн шинэтгэл:


Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүний ялын бодлогыг чангатгах зохицуулалтыг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Энэхүү хууль ирэх 12 сард батлагдах юм байна. Мөн Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашигласан техник хэрэгслийг улсын орлого болгож, хохирлыг нөхөн төлүүлэх өөрчлөлтийг тусгасан байна. Харин эрүү шүүлт, албан тушаалын гэмт хэрэг, хууль бусаар мөрдөн мөшгөх түүнчлэн гүйцэтгэх ажлын тухай гэмт хэргийн ялыг чангатгах хуулийн төслийг бэлдэж байгаа аж.


Зөрчлийн тухай хуулийн шинэтгэл:

Дийлэнх зөрчлийг торгохоо больж, албан шаардлага хүргүүлдэг байхаар өөрчлөхөөр болжээ. Зөрчил гаргасан хуулийн этгээд албан шаардлагыг биелүүлсэн тохиолдолд зөрчлийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулах юм байна. Харин хүний амь нас, эрүүл мэндэд шууд хор хохирол учруулахуйц зөрчил гаргасан тохиолдолд шууд торгууль, шийтгэл оноож, хуулийн дагуу арга хэмжээ авдаг байх, мөн торгуулиа 10 хоногийн дотор төлсөн тохиолдолд шийтгэлийг 50 хувь бууруулах шинэчлэлийг хуульд тусгасан байна. 

Мөн салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, зөрчил үйлдсэн этгээдэд оногдуулах шинэтгэлийн хэмжээг дээд, доод хязгаартай болгох, анх удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг шууд баривчилахын оронд сургалтад хамруулах зэрэг зохицуулалтыг тус хуульд тусгажээ. 

Өөр нэг шинэчлэл нь Улсын хэмжээнд архины хүнд хамааралтай 10 мянга орчин хүн байна. Иймд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд дотоодын үйлдвэрлэгч болон импортлогч нарын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх санг бий болгож, улмаар энэ санд хуримтлагдсан төсөв нь согтууруулах ундаа хэрэглэж байгаа хүмүүсийг албадан эмчлэх, нийгэмшүүлэх чиглэлд зарцуулах ажээ.

Холбоотой мэдээ