Аялал жуулчлалыг монгол хүний амьдралын хэв маяг, онцлогт тохируулан хөгжүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-28 16:55:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ITM-2020” (International travel mart) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг өнөөдөр нээж, “Ковид ба ковидын дараах үеийн аялал жуулчлал” уулзалтыг Скай ресортод зохион байгууллаа.

Уулзалтын үеэр тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой аялал жуулчлал, хямралын дараах үеийн боломж, давах гарц, гадаадын хөрөнгө оруулалт, эко шийдэл, хүн, байгальд ээлтэй аялал жуулчлалын чиг хандлага, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний төрлийн талаар ярилцав.

Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Аялал жуулчлалын салбар олон бизнесийг хөгжүүлэхээс гадна бидний амьдралын хэв маяг, соёл, өв уламжлалыг таниулж түүх болгон үлдээдэг. Жуулчид улс орны онцлог, ялгааг харах гэж ирдэг. Иймд Монголын онцлогийг аялал жуулчлалд брэнд болгох”-ыг уриалав.

БОАЖЯ, Монголын Аялал жуулчлалын холбоо хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэн энэ жил “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” уриан дор энэ сарын 30,31-нд Мишээл экспо төвд үргэлжлэх юм. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг холбож, шинэ түнш олох, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах энэ үзэсгэлэнгийн үеэр зочид буудал, жуулчны бааз, зоогийн газар, гар урлалын компани, музей, амралт сувиллын газар гээд 200 гаруй байгууллага оролцож, өөрсдийгөө сурталчлахаас гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөр, ногоон зээлийн талаар ч танилцуулна.

“Ковид ба ковидын дараах үеийн аялал жуулчлал” уулзалтын үеэр Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөрөөс сэдвийн хүрээнд тодрууллаа.


-Дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар “Covid-19” цар тахлын үеийг хүндхэн туулж байгаа. Манай улсын нөхцөл байдал яг ямар байдалтай байна вэ?

Монголын аялал жуулчлал зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутаг, нүүдлийн соёл иргэншилт улс орны, хоёр их гүрний дунд стратегийн ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болон хөгжиж байна. Энэ онд хүн төрөлхтөн цар тахалтай нүүр тулсныг биеэр мэдэрч, хор хохирлыг амсаж байгаа салбар нь аялал жуулчлал. Монгол Улс короновирусний халдварыг дотооддоо алдаагүй нь эерэг дүр төрх бүрдүүлж байгаа. Хорио цээрийн дэглэмийн үед багагүй хохирол амсаж байгаа ч чадал, боломжоороо зохицуулсаар өнөөг хүрлээ. Улс орнууд өөрийн онцлогт тохирсон дотоод аялал жуулчлалыг хөгжүүлж байна.


-Нийгэм короновирусний цар тахлаас үүдээд шинэ нөхцөл байдалд ажил, амьдралаа зохицуулахаас өөр аргагүй болж байна. Танай салбарын тухайд?

Дэлхийн нөхцөл байдал аялал жуулчлалын салбарыг дахин өөр өнцгөөр харж, шинэ хувилбар бий болгож явахыг шаардаж байна. Жуулчны тоонд анхаарах бус жуулчныг удаан хугацаанд барих, чанараа дээшлүүлэх бодлого барих ёстой. Манай улсын хувьд үндэсний онцлог шинж чанараа товойлгосон, ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэхийг илүүд үзэж байна. Дотоодын аялал жуулчлалыг олон өнгөөр тодорхойлж, ач холбогдлыг нь нэмэгдүүлнэ. Ингэснээр аялал жуулчлалаар дамжуулж хүний хөгжлийг товойлгох юм. Баялгийн үнэт зүйл, соёлын өвийг хадгалах санаа нь аялал жуулчлал юм. Цаашид Монгол Улсын шинэ дүр төрхийг аялал жуулчлал гэж тодорхойлно гэдэгт итгэлтэй байна.


-Дотоодын аялал жуулчлалыг ямар чиглэлд хөгжүүлэх вэ?

Дотоодын аялал жуулчлалыг аялал-сувилал, аялал-эрүүл мэнд, аялал-амралт, аялал-зугаалга гэх маягаар монгол хүний амьдралын хэв маяг, онцлогт тохируулан хөгжүүлэх юм. Үүний зэрэгцээ бие засах газар, хогны асуудлыг ч орхихгүйгээр байгальд ээлтэй аялахад анхаарна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарим орны туршлагаас суралцана. Цар тахлын энэ үед Норвегийн иргэн барилгын инженер Ж.Эрик Монголын аялал жуулчлалын салбарт нэг сая ам.долларын хөрөнгө оруулж, Сэлэнгэ аймагт эко шийдэл бүхий жуулчны бааз байгуулсан жишээ бий. Эндээс бид тухайн орны барилгын инженерийн байгальд ээлтэй шийдлээр Монголын нөхцөлд тохируулж барьсан бааз, хүйтний улиралд хэрэглэдэг технологийг суралцах боломжтой. Гадаадын иргэн хөрөнгө оруулаад байгальд ээлтэй жуулчлал хөгжүүлж байгаа нь бидэнд боломж бийг илэрхийлж байна.


-Өнгөрсөн онд аялал жуулчлалын салбар хэдий хэмжээний орлого олсон бэ?

Аялал жуулчлалын салбар өнгөрсөн онд 607,231 ам.долларын орлого оруулсан. Нийт 580 орчим мянган жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оныхоосоо 11 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин 2,4 сая монгол хүн гадаадад аялсан статистик бий. 

Холбоотой мэдээ