Цалин, тэтгэврийн зээл нийт зээлийн 18 хувийг эзэлж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-28 15:33:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас сар бүрийн хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийж цаг үеийн мэдээлэл, статистикийг танилцууллаа. 

Энэ сарын байдлаар инфляц Улаанбаатар хотод 1.4, улсын хэмжээнд 1.7 хувьтай байгааг мэдээллээ. Инфляцын хүлээлтийг олон улсын туршлагад тулгуурлан иргэд болон ААН, шинжээчдийн дүгнэлтээр тооцдог байдлаар энэ оны IV улиралд явуулсан судалгаагаар иргэд инфляцыг ирэх оны III улиралд 4.2 хувь, ААН-үүд 2.4 хувьтай байхаар хүлээж буй төлөв гарчээ. 

Судалгаанд хамрагдсан иргэдийн 84 хувь, бизнес эрхлэгчдийн 91 хувь нь 2021 оны III улиралд инфляцын түвшин 8 хувиас бага байна гэж үзсэн талаар өнөөдөр мэдээллээ. 


Инфляцын хүлээлтийн түүвэр судалгаагаар иргэдийн эдийн засгийн төлвийн талаарх хүлээлт: Эдийн засгийн чиглэлийн индекс өмнөх улирлын судалгааны дүнгээс сайжирч ирэх нэг жилийн хугацаанд "Эдийн засаг (өсөлт) өснө" гэж гарчээ. Мөн иргэдийн дийлэнх нь ирэх нэг жилд өрхийн санхүүгийн байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй, өмнөх улиралтай харьцуулахад эдийн засгийн чиглэлийн индекс сайжирсан байна гэсэн хүлээлттэй байна. 


Харин өнгөрсөн сарын банк, санхүүгийн үзүүлэлтийн статистик мэдээллийн талаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Батбаатарын танилцуулснаар, 9 дүгээр сарын байдлаар банкны системийн нийт зээлийн үлдэгдэл 17.2 их наяд төгрөгт хүрч, үүний 15.6 их наяд нь төгрөгийн, 1.6 их наяд төгрөг нь гадаад валютын зээл эзэлж байна. 

Зээлийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4.5 хувиар, өмнөх сараас 0.2 хувиар буурсан. Зээлийн чанарыг авч үзвэл хугацаа хэтэрсэн зээл 13 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 6.6 хувьд хүрсэн бол чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 4.5 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 11.4 хувьд хүрээд байна. 

Нийт зээлийн 9 хувийг валютаар олгосон зээл эзэлж байгаа бөгөөд иргэдийн зээлийн 1, ААН-ийн зээлийн 17.4 хувийг валютаар олгосон байна. Зээлийн үлдэгдлийг эдийн засгийн салбараар нь харвал цалин, тэтгэврийн зээл хамгийн их буюу 18 хувийг эзэлж байгаа бол үүний дараа худалдаа үл хөдлөх салбарын зээл жагсаж байна. 

Өнгөрсөн сард банкууд 1052 зээлдэгчид 77.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосноос 30.6 хувийг хөтөлбөр, 69.4 хувийг банкны өөрийн эх үүсвэрээр олгожээ. Есдүгээр сарын байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.8 их наяд төгрөг буюу нийт зээлдэгчдийн тоо 99.5 мянгад хүрээд байна. Үүний 73.3 хувь нь хөтөлбөрийн 22 хувь нь банкны эх үүсвэр, 4 хувь нь бусад эх үүсвэрээс зээлээ авсан байна. Чанарын үзүүлэлтийг авч үзвэл хугацаа хэтэрсэн зээл 1.6 хувьтай, чанаргүй зээл 3.1 хувьтай тэнцүү байна. 


Холбоотой мэдээ