“Шилдгийн шилдэг”-ээр “Дархан Гэрэл” ХХК-ийн хамт олон шалгарав

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-10-28 20:08:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулагдсаны 59 жилийн ойн баярыг тохиолдуулан “Төвийн бүсийн түншлэл-2020” үзэсгэлэн худалдаа, Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Залуучууд театрт зохион байгууллаа.

Стандарт, хэмжилзүйн хэлтэс нь аймгийн Засаг даргын Тамгын газар, МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбар танхим, ХХААГ-тай хамтран 21 дэх жилдээ зохион явуулж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Архангай, Орхон аймгаас гадна Дархан-Уул аймгийн Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын импортлогч болон үндэсний үйлдвэрлэгч нарын 50 орчим бизнес эрхлэгчид оролцож, ХААН банк, Газар Капитал Партнерс ББСБ, Мобиком, “Сод Монгол Групп” ХХК оролцож хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон, өөрсдөө үйлдвэрлэсэн нэрийн бүтээгдэхүүнийг ур хийц, бүтээгдэхүүний тодорхойлолт, хэрэглэгчдийн таашаалд нийцэж буй байдал, чанар, стандарт хангасан зэргийг харгалзан шалгаруулалтыг явуулж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан алдаршууллаа.

Тус үзэсгэлэнгийн Гран при “Шилдгийн шилдэг”-ээр “Дархан Гэрэл” ХХК-ийн хамт олон шалгарсан бөгөөд бусад номинациудад шалгарсан ААНБ-ыг танилцуулбал:

1. Аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”-ээр “Дархан Нэхий” ХХК-ийн “4120446 Загварын нэхий дээл”

2. Шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр “Дархан хүнс” ХХК-ийн “Наранцэцгийн үртэй талх”

3. Аж үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Босс савхи” ХХК-ийн “Залуус Коллекци”

4. 2020 оны шинэ бүтээгдэхүүнээр “Мах сервис” ХХК-ийн “Тунгалаг царцаамаг”

5. Экспортын шилдэг бүтээгдэхүүнээр “Эко ноос” ХХК-ийн “Хаан дулаалга” тус тус шалгарч манлайлжээ.

Ийнхүү Дархан хот байгуулагдсаны 59 жилийн ойн баярт зориулан зохион байгуулсан “Төвийн бүсийн түншлэл-2020” нэг цэгийн үзэсгэлэн худалдааг өргөн дэлгэр зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.

Холбоотой мэдээ