“Миний очихыг хүсдэг Солонгос орон” хүүхдийн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Монголын мэдээ | Соёл урлаг
sodonizm@gmail.com
2020-10-29 10:54:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа яам Хүүхдийн урлан бүтээх төв болон Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран “Миний мэдэх Солонгос орон”, “Миний очихыг хүсдэг Солонгос орон” гар урлал, уран зургийн уралдаан зохион байгуулжээ. Өнөөдөр тус уралдаанаас шалгарсан 300 хүүхдийн бүтээлийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” галерейд дэлгэсэн юм.


Нээлтэд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, Монголын Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пак Ын Жон, гуравдугаар нарийн бичгийн дарга Консул Жон Гу Ын нар оролцож, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардуулсан юм.

Энэхүү уралдаанд ахлах, дунд, бага насны нийт 1250 хүүхэд өрсөлдсөнөөс 300 хүүхдийн бүтээлийг шалгаруулсан байна.  Үүнээс шилдэг 25 хүүхдийн бүтээлийг уран зураг, гар урлал гэсэн хоёр төрлөөр тодруулж, шагнажээ.  Уралдаанд нийслэлийн болон Архангай, Өвөрхангай, Дорнод, Говьсүмбэр, Увс, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ, Баян-Өлгий, Эрдэнэт, Өмнөговь зэрэг орон нутгийн сурагчид оролцсон байна.


Энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун уг ёслолыг нээж үг хэлэхдээ “Монголын өнцөг булан бүрээс маш олон хүүхдийн бүтээл ирсэн байна. Үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлийг харахад л монгол хүүхдүүд Солонгосын талаар өргөн мэдээлэлтэй байгааг харлаа. Хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдэд миний мэдрээгүй, анзаарч байгаагүй зүйлийг нарийн мэдрэмжтэй дүрсэлсэн байна. Эдгээр хүүхдүүд хоёр улсын харилцааг улам өргөжүүлэн, хөгжүүлэх гүүр болно гэж найдаж байна. Ер нь хүүхэд багачуудад хандсан ийм арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж бодлоо” хэмээв.


Тэмцээний шүүгчид хүүхдүүдийн бүтээлийг шалгаруулахдаа гүйцэтгэл, шинэлэг санаа, сэдвийн агууламж, өнгөний сонголт зэргийг харьцуулж шүүжээ. Мөн энэхүү үзэсгэлэн нь хоёр орны найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэхэд хувь нэмэр оруулахын зэрэгцээ тус улсын соёлыг хүүхэд багачуудад сурталчлах, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх ач холбогдолтой үзэсгэлэн боллоо гэж Урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг энэ үеэр хэллээ.


Уран зургийн уралдаанд гранпри шагнал хүртсэн нийслэлийн 48 дугаар сургуулийн 12Г ангийн сурагч Н.Наранжаргалаас бүтээлийнх нь талаар тодруулахад “Би бүтээлээ хийхдээ 2 долоо хоног сууж, нэлээн бодож байж зурсан. Ер нь би зурахаасаа өмнө сэдвийн хүрээнд судалгаа хийж, мэдээлэл цуглуулдаг. Энэ удаа ч мөн БНСУ-ын тухай мэдээлэл цуглуулсан. Энэ мэдээлэлдээ тулгуурлаж “Гэр бүлээрээ очиж үзэхийг хүсдэг Солонгос орон” сэдвээр зохиож зурсан. Энэ улсын эртний ёс заншил болон орчин үеийн соёлыг хослуулан тусгахыг хичээсэн. Мөн гэр бүлтэйгээ хамт Солонгос руу зорчиж буйгаар төсөөлж зурсан” гэлээ. 


Мөн гар урлалын төрөлд гуравдугаар байр эзэлсэн нийслэлийн 6 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч Т.Дэлгэржаргалтай сүрлээр хийсэн бүтээлээ хэрхэн хийсэн талаар асуулаа. Тэрбээр бүтээлээ хийхдээ сар гаруй хугацааг зарцуулсан бөгөөд тэмцээн болох зарыг харснаас хойш нарийн дэг журам, төлөвлөгөөтэйгөөр хийсэн.  Өнөөдөр шагнал хүртэж байгаадаа баяртай байна. Би Хүүхдийн урлан бүтээх төвд гурав дахь жилдээ суралцаж байна. Энэ бол миний 6 дахь бүтээл. Гар урлалаар бүтээл хийх нь тэсвэр хатуужилтай болгодог. Мөн аливаа ажлыг бүрэн гүйцэт хийж сургаж, төлөвшүүлдэг гэж боддог” гэв. Түүний бүтээл нь БНСУ-ын Сөүл хотод байрлах тус улсын бэлгэ тэмдэг, 600 жилийн түүхтэй Их өмнөд хаалга буюу Намэдун хаалга ажээ. Энэ хаалгаар орж, гарвал аз жаргалтай амьдардаг гэж тус улсын ард түмэн тайлбарладаг байна. Энэ нь сурагч Т.Дэлгэржаргалд ихэд таалагдсан учраас тухайн сэдвийг сонгосон гэдгээ энэ үеэр тайлбарлав.


Хоёр улс анх 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдийн засгийн харилцаа өргөжин тэлж, гадаад худалдааны эргэлт 30 жилийн өмнөхтэй харьцуулахад 120 дахин өссөн. Мөн иргэд хоорондын харилцаа улам нягтарч, улс хооронд зорчигчийн тоо ч нэмэгдсэн. Энэ харилцаандаа тулгуурлаж цаашид соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх саналтай байна. Хоёр орны харилцан визгүй зорчих асуудлыг үе шаттайгаар зохион байгуулах чиглэлийг дэмжиж байна. Учир нь Монгол Улсын нийт иргэдийн 30 гаруй хувь нь хууль бусаар оршин сууж байгаа асуудал тулгараад байгаа юм гэж энэ үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун мэдээлэл өглөө. 


Холбоотой мэдээ