Жолооч нарт 10 мянган тамхины хогийн сав түгээнэ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-29 13:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд автомашинаар зорчиж байх үедээ машины цонхоор тамхины ишээ хаях зөрчлийг бууруулах, зөв дадал хандлагад уриалахаар Экологийн цагдаагийн албанд “PC mall” компаниас 10 мянган ширхэг утаат тамхины хогийн сав өнөөдөр бэлэглэлээ.

Экологийн цагдаагийн албанаас хогийн савыг ирэх сарын 10-ныг хүртэл автомашины жолооч нарт үнэ төлбөргүй тараах юм байна. Цагдаагийн байгууллагын алба хаагчид жолооч нарт шалгалт хийх үеэр, автомашин сонирхогчдын группын гишүүдээр дамжуулж мөн PC mall компаны дэлгүүрээс бараа худалдаж авсан хүмүүст урамшуулал болгож түгээх юм байна. 


Автомашин болон гудамж талбайд татсан тамхины ишээ хогийн савандаа хийж, дараа нь зориулалтын хогийн саванд хаях дадал хэвшилд жолооч нарыг уриалж байна гэж PC mall компаны гүйцэтгэх захирал Б.Долгион энэ үеэр хэллээ.


Зөрчлийн тухай хуулийн 5.1-т Олон нийтийн газар, авто зам, орон сууцны орчны газар, гудамж, талбайд бие зассан, эсхүл нус, цэр, тамхины иш, хог хаясан хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Үүнийг иргэд олон нийт бие биедээ хяналтаа тогтоож, шаардлага тавьдаг байцгаая. Тамхины ишээ ил задгай хаях нь нийслэлийн тохижилт үйлчилгээний газрын ажилчдын ажлыг хүндрүүлэх, нийслэлийн өнгө үзэмж төдийгүй эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдаж байна гэж Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Өсөхбаяр хэлсэн юм.

Энэ үеэр Экологийн цагдаагийн албанаас  “PC mall” компаны гүйцэтгэх захирал Б.Долгионд талархалын бичиг гардууллаа.

 

Холбоотой мэдээ