Москвагийн эрх баригчид нэмэлт хатуу арга хэмжээ авахгүй

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-30 10:50:16

МОСКВА. /TASS/. Москвагийн эрх баригчид Европын орнууд шиг коронавирустэй тэмцэх нэмэлт хатуу арга хэмжээг авахгүй гэж тус хотын дарга Сергей Собянин "Россия-1" сувгаар мэдэгджээ.


"Хэрэв бид өмнө нь тавьсан шаардлагуудыг чандлан сахих юм бол нэмэлт арга хэмжээ авах шаардлагагүй болно. Франц, Герман болон Европын бусад улс оронд хэрэгжүүлж эхлээд буй хатуу арга хэмжээг нэвтрүүлэхгүй байх гэж найдаж байна. Өнөөдөр бид хатуу хязгаарлалт хийхгүйгээр цар тахлыг давах боломжтойг нөхцөл байдал харуулж байна" гэж Собянин хэлсэн байна.


Сүүлийн өдрүүдэд Москвад коронавирусний халдварын шинэ тохиолдол нэмэгдэх хандах ажиглагдаж байгаатай холбоотойгоор тэрбээр урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга хэмжээ авсан юм. Тухайлбал, 65-аас дээш насны болон архаг хууч өвчтэй оршин суугчдад шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж, хөнгөлөлттэй зорчих эрхийг нь хаасан байна. Түүнчлэн Оросын нийслэл хотын компани, үйлдвэрүүдийн ажилтнуудын дор хаяж 30 хувийг гэрээс нь ажиллуулах журмыг 11 дүгээр сарын 29 хүртэл сунгасан юм. Ажил олгогч нарт энэ талаар долоо хоног тутамд мэдээлж байхыг 10 дугаар сарын 12-ноос эхлэн үүрэг болгожээ.


Үүнээс гадна8 10 дугаар сарын 19-нөөс 6-11 дүгээр ангийн сурагчдын хичээлийг алсын зайн сургалтад хоёр долоо хоног шилжүүлсэн боловч хотын дарга 11 дүгээр сарын 8 хүртэл сунгасан байна. Үүний зэрэгцээ 1-5 дугаар ангийн сурагчид амралтаа дуусаж, танхимын сургалтаар хичээлээ үргэлжлүүлж байгаа юм.


Холбоотой мэдээ