“Ард түмний хурал” хуралдуулах санаачилга гаргажээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-10-30 11:25:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол үндэстний хүний эрх, иргэдийн хяналтын хороо” НҮТББ-аас “Ард түмний хурал” хуралдуулах санаачилга гарган ажиллаж байна.


Уг санаачилгыг 2018 оны дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших алдаа, оноог тодорхойлох, ирээдүйд хөгжүүлэх боломжийн талаар иргэдийн саналыг нэгтгэж, Засгийн газарт хүргүүлэх аж. Хуралд Монгол Улсын бүх сумаас 2 төлөөлөгч оролцуулахаар төлөвлөсөн байна.


“Монгол үндэстний хүний эрх, иргэдийн хяналтын хороо” НҮТББ-ын тэргүүн Ш.Баярсайхан Ард түмний хурал хуралдуулах энэхүү санаачилга нь Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүйн хүрээнд явагдаж байгаа гэдгийг тодотгоод, “Бид юу хожив, юугаа алдав гэдгийг ард түмнээрээ хэлэлцүүлэх зайлшгүй шаардлага өнөөгийн нийгэмд үүсээд байна. Улс орны хөгжлийн талаар иргэдийн саналыг нэгтгэх нь төрөөс аливаа шийдвэр гаргахад дэмжлэг болох юм. Хурал зохион байгуулах дүрэм, дэг зэрэг бүх бичиг баримтыг боловсруулж, эрх бүхий хүмүүст танилцуулсан. Хууль хяналтын байгууллагуудад ч олон нийтийн хурал хийх гэж буйгаа танилцуулаад, дэмжлэг аваад явж байна. Хурлыг УИХ-ын Тамгын газар, ХЗДХЯ дэмжихээ илэрхийлэн албан бичиг ирүүлсэн. Нэг тулгамдсан асуудал нь хурал зохион байгуулах төсөв. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад Засгийн газар санхүүжилт олгох боломжгүй гэсэн тул бид ард түмний хандиваар зохион байгуулахаар төлөвлөсөн. Хандив бүрдэхгүй бол өөр нэг арга байгаа нь хурлаа бүсчлэн зохион байгуулах. Өөрөөр хэлбэл, баруун таван аймаг, зүүн гурван аймаг, Эрдэнэт, Дархан хот болон Улаанбаатар хотод бүсчлэн зохион байгуулах боломж бий. Ингэж зохион байгуулбал 800 сая төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол бий” гэлээ. 

Холбоотой мэдээ