21 аймагт 21 км гүйх зорилготой залуу

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-10-30 14:23:39

Өмнөговь /МОНЦАМЭ/ Уулын спортын мастер Ж.Баатарболд энэ сарын 31-нд Өмнөговь аймагт ирж 21 км замыг гүйлтээр туулахаар төлөвлөжээ.

Тэрээр 21 аймаг бүрт 21 км зам гүйлтээр туулах зорилготойгоор энэ оны 7 сарын 28-наас эхлүүлсэн байна. Одоогоор таван аймаг үлдсэн бөгөөд энэ удаад Өмнөговь аймагт ирсэн аж. Ж.Баатарболд хэлэхдээ "Гүйлт гэдэг нь спорт бүрийн суурь байдаг. Тиймээс хаана ч гүйж болно гэдгийг хүмүүст харуулах, уриалах зорилготой. Би энэхүү спорт руу энэ оны гуравдугаар сараас дурлаж ороод нийтдээ 1850 км гүйчихээд байна" гэлээ.

Тэрээр минимал амьдралын хэмнэлтэй болсон бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа "Монголчуудын нүүдлийн амьдрал нь өөрөө минимал амьдрал юм. Нүүгээд явахдаа буйран дээрээ юу ч үлдээдэггүй байгальдаа ээлтэй, илүү зүйл авч явдаггүй байсан" гэсэн юм. Ж.Баатарболд нь санхүүч мэргэжилтэй. Тэнгэр даатгалын иргэдийн даатгал хариуцсан захирал аж. 

Холбоотой мэдээ