ЕХ коронавирустэй тэмцэх нэгдсэн стратеги боловсруулна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-30 14:24:26

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ удирдагчид коронавирусний цар тахлын хоёр дахь давалгаатай тэмцэх асуудлаар дүрс бичлэгээр хийсэн шуурхай дээд хэмжээний уулзалтын үеэр коронавирусний шинжилгээ хийх, халдварын хавьталуудыг хянах, мөн вакцинжуулалтын талаар нэгдсэн стратеги боловсруулахаар тохиролцлоо гэж Европын Зөвлөлийн дарга Шарль Мишель пүрэв гарагт  уулзалтын дараа мэдэгджээ.


“Бид PCR шинжилгээг нөхөж, шинжилгээний явцыг түргэтгэх ёстой эсрэг биетийн түргэн оношлуур хэрэглэх талаар нийтлэг аргыг боловсруулах, мөн халдварын хавьтлуудыг хянах, ЕХ-ны орнуудад вакциныг тараан хуваарилах зэрэг асуудлуудыг оруулаад вакцинжуулалтын нэгдсэн стратеги бэлтгэх асуудлыг хэлэлцэн тогтох шийдвэр гаргалаа. Энэ том ажлыг барууны орнуудад боловсруулж буй нэг буюу хэд хэдэн вакцин зах зээлд нэвтрэхэд бэлэн болохоос өмнө хийх шаардлагатай байна” гэж Мишель мэдэгджээ.


Тэрбээр мөн ЕХ-ны улсуудын иргэдийн вакцины үр нөлөөнд итгэх итгэлийг алдагдуулж буй вакцинжуулалттай холбоотой худал мэдээлэл, "хуурамч мэдээллийн кампанит ажил" -тай тэмцэх шаардлагатай байгааг онцлов.


Үүний зэрэгцээ Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, вакцин 100 хувь үр дүнтэй байх боломжгүй гэдгийг цохон тэмдэглэжээ. "Эхний вакцинууд 80-70 хувийн үр дүнтэй байх магадлалтай, магадгүй үүнээс ч бага үр дүнтэй байхыг үгүйсгэхгүй" гэж тэрбээр мэдэгдсэн байна.


ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр мөн иргэдийн зайлшгүй шилжилт хөдөлгөөн, түүнчлэн цар тахлын үед ЕХ-ны нэгдсэн зах зээлийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын тулд бараа, нөөцийг тасралтгүй нийлүүлэхэд дотоодын хилээ нээлттэй байлгах шаардлагатай гэдэгтэй санал нэгджээ.


Холбоотой мэдээ