М.Зулькафиль: Сэтгүүлч бэлтгэхэд чанартай 5-6 сургууль хангалттай

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-10-30 17:39:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэтгүүл зүйн багш нарыг тодорхой бодлогоор бэлтгэх шаардлагатай хэмээн “Сэтгүүл зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафиль онцлов.

Тус хурлыг Монгол Улсад үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсний болон МУИС-д Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан МУИС-ийн Дугуй танхимд өнөөдөр зохион байгуулсан юм.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд 1360-аад сэтгүүлч, 130 орчим магистрант, 14 докторант тус сургуулийг төгсжээ. Өнөөдрийн байдлаар ОНМХ-ийн боловсон хүчин бэлтгэдэг 12 их дээд сургуульд /төрийн 3, хувийн 9/ 900 орчим оюутан суралцаж байна.


МУИС-ийн ШУС-ийн дэд захирал, доктор, профессор Б.Болд-Эрдэнэ хэлэхдээ, “Сэтгүүл зүй өнөөдөр мэдээлэл технологийн хүчтэй түрэлт нөлөөн дор хөгжиж байна. Тиймээс сургалт судалгаагаа шинэ тутам болж буй үйл явдалд чиглүүлэх, өнөөгийн сэтгүүл зүйн хүрээний ёс зүй, мэдээллийн тэнцвэрт байдал гээд сургалтаа сайжруулах асуудал тулгамдаж байна. Мөн техник технологио сайжруулах асуудал тэргүүн зэрэгт тавигдаж байна. Учир нь мэдээллийн технологи өдөр тутамд шинэчлэгдэж байна. Тиймээс хамтарсан хөтөлбөр бий  болгох хэрэгтэй. Ирээдүйн сэтгүүлч зөвхөн мэдээллийг боловсруулж түгээх биш, өөрөө технологийн талын мэдлэг чадвартай байх, мэдээллийн орон зайд тоглож чаддаг байх, мэдээллийн урсгал хандлагад дүн шинжилгээ хийх, үзэл санааны лидер байх нь чухал юм” гэдгийг онцлов.

Тус хуралд МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафиль “Сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, сэтгүүлч бэлтгэх талаарх төрийн бодлогыг зөв голдиролд оруулах, сэтгүүл зүйн багшлах боловсон хүчинд онцгой  шаардлага тавих, элсэлтийг үндсээр нь өөрчлөх, сэтгүүлч бэлтгэдэг сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэх, суралцах орчныг сайжруулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжлэлийг хөгжүүлэх хэрэгтэйг тэмдэглэв. Тэрбээр, “Сургалтын чанар өнөөгийн ОНМХ-ийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байна. Хэдийгээр олон сургууль байгаа нь өрсөлдөөн бий болгох, асуудалд олон ургальч үзлийн үүднээс хандах сайн талтай боловч 10 гаруй  сургуульд сэтгүүлч бэлтгэж байгаа нь манай орны хувьд ахадсан тоо юм. Чанартай 5-6 сургууль сэтгүүлч бэлтгэхэд хангалттай. Энэ бол БШУЯ анхааралдаа авах асуудал мөн. Түүнчлэн сэтгүүл зүйн багшлах боловсон хүчинд онцгой  шаардлага тавих хэрэгтэй. Энэ бол хамгийн тулгамдсан  асуудал  болж байна. Онол практик хоёрыг жинхэнэ утгаар нь хосолж чадсан, хэлний өндөр мэдлэгтэй багш ховор. Дөнгөж сургууль төгссөн практик мэдлэг дутмаг залуу багш нар,  өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад сэтгүүлчдийн багаас бүрдсэн багш нар голлож  байна. Нэгэнд нь практик, нөгөөд нь онол, сүүлийн үеийн шинэ мэдлэг дутагдаж байгаа нь ажиглагддаг. Тиймээс сэтгүүл зүйн багш нарыг тодорхой бодлогоор бэлтгэх шаардлагатай” гэдгийг тодотгов.


Хэвлэлийн хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах ярихдаа, “Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн 50 орчим хувь нь сэтгүүл зүйн зүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн. Хүн бүр заавал хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахгүйгээр мэдээллийг бэлтгэх, түгээх боломжтой ийм цаг үед сэтгүүл зүйн мэргэжлийн хэм хэмжээгээр бэлтгэгдсэн сэтгүүлч олон нийтэд үнэн зөв бодитой мэдээллийг түгээх, энэхүү мэргэжлийн итгэл үнэмшил, нэр хүндийг авч явах нь чухал юм. Сэтгүүл зүйн сургалтын боловсролын агуулга цаг үеэ дагаад өөрчлөгдөх, шинэчлэгдэх шаардлагатай” гэв.


Тус эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МСНЭ, МУИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулсан юм.


Т.Билгүүн



Холбоотой мэдээ