Монгол хөөмийг "Гиннесийн ном"-д бүртгүүлсний нэг жилийн ой тохиов

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-31 12:53:40

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж “Гиннесийн ном”-д бүртгүүлсний нэг жилийн ой энэ сарын 30-нд тохиож байна.  

Ховд нутгийн зон олон соёлын үнэт өв болсон хөөмийн урлагаа дэлхийн дээд амжилтад бүртгүүлэх "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан түүхтэй.

Энэ үеэр Ховд аймагт хамгийн олон буюу 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг дэлхийн дээд амжилтын гайхамшиг “Гиннесийн ном”-д бүртгүүлэн батламжаа гардан авсан.

Энэхүү түүхэн үйл хэрэгт оролцсон хөөмийчдийн төлөөлөл өнөөдөр уулзалт хийлээ. Уулзалтын хүрээнд монгол хөөмийг дэлхийн дээд амжилтад бүртгүүлсэн "Түүхэн бахархлын өдөр” үйл ажиллагааны талаар эргэн дурсав.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав болон салбарын мэргэжилтнүүдийн зүгээс соёлын өвийг хамгаалах, хөөмийн урлагаар дамжуулан ард иргэдийг соён гэгээрүүлэх, залуу хойч үеийнхэнд өвлүүлэн үлдээх чиглэлд цаашид анхаарч, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Мөн “Түүхэн бахархлын өдөр”-ийн нэг жилийн ойн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч, ардын авьяастнуудын төлөөлөл 20 гаруй хүн урлагийн тоглолт сонирхуулсан юм.


 

Холбоотой мэдээ