Бельги хорио цээрийн хатуу дэглэмд шилжлээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-10-31 11:05:22

БРЮССЕЛЬ. /TASS/. Коронавирусний цар тахлын байдалтай холбогдуулан Бельгид хорио цээрийн хатуу дэглэмийг дахин тогтоож буйг тус улсын Ерөнхий сайд Александр Де Кроо баасан гаргийн орой цар тахалтай тэмцэх Зохицуулах хорооны ээлжит хурлын дараа мэдэгджээ.  


Тэрбээр улс орных нь байдал туйлын ноцтой, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нөхцөл байдал сайжрах хараахан болоогүй байгаа тул хатуу арга хэмжээ авахаас өөр сонголт байхгүй байгааг цохон тэмдэглэсэн байна.


Бельгийн Эрүүл мэндийн сайд Франк Ванденбрукийн хэлснээр, халдвартай тэмцэхэд анагаах ухааны боловсролтой бүх хүнийг дайчилж эхэлснээс гадна, өвчтөнүүдийг хөрш зэргэлдээ орнуудын эмнэлгүүдэд эмчлүүлэхээр илгээж байгаа аж.


Эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй байна

“Манай улсын эрүүл мэндийн салбар хүнд байдалд ороод байна. Сүүлийн хоёр долоо хоногт 100 мянган хүн халдвар авснаа мэдсэн. 11 дүгээр сарын дунд гэхэд “КОВИД-19”-ийн халдвартай 10000 өвчтөн эмнэлгүүдэд хэвтэх бөгөөд үүнээс 2800 нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлэхээр байна. Одоогоор нааштай төлөв ажиглагдахгүй байна. Тиймээс бид эмнэлгүүдийн ачааллыг багасгахын тулд хүмүүс хоорондын бүх холбоо харилцааг аль болох багасгах ёстой" гэж Де Кроо мэдэгджээ


Бельгийн Эрүүл мэндийн яамны цар тахалтай тэмцэх төлөвлөгөөний дагуу тус улсын бүх эмнэлэг хүчин чадлынхаа 60 хувийг буюу 6000 орыг коронавирустэй өвчтөнүүдэд нөөцлөх үүрэгтэй байна.


Бүх нийтийн хөл хорио тогтоохгүй

“Бид улс даяар хөл хорио тогтоох бодолгүй байгаа боловч эрдэмтэн судлаачидтай удаан зөвлөлдсөний эцэст хорио цээрийн дэглэмийг чангатгах шийдвэр гаргасан. Хүнсний дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээтэй дэлгүүрээс бусад бүх дэлгүүрийг хаана. Үсчин, гоо сайхны газрууд үйл ажиллагаагаа зогсоох ёстой. Сургуулийн амралтыг 11 дүгээр сарын 16 хүртэл сунгасан, ажилтнуудаа гэрээс нь ажиллуулах боломжтой бүх газар одооноос энэ журмыг заавал биелүүлэх ёстой” гэж Бельгийн Ерөнхий сайд мэдэгдэв. Үүнээс гадна, нэг гэр бүлд нэгээс илүүгүй зочин хүлээж авахыг зөвшөөрнө, гудамжинд дөрвөөс дээш хүн нэг дор цуглахгүй, оршуулгад 15-аас илүүгүй хүн оролцохыг зөвшөөрөх аж. Мөн хил дамнасан аялал хийхгүй байхыг зөвлөжээ.


Эдгээр арга хэмжээн дээр одоо хэрэгжиж байгаа хөл хорих цаг нэмэгдэж байгаа юм. Тус улсад шөнө дундаас өглөөний 05:00 цаг хүртэл хөл хорьсон байгаа бөгөөд нийслэл Брюссель хотод илүү хатуу буюу 22:00-06:00 цагийн хооронд хөл хорьсон байна. Түүнчлэн бүх зоогийн газар, соёл урлаг, спорт, зугаа цэнгэлийн байгууламжийг хаажээ. Эдгээр бүх арга хэмжээг нэг сар хагасын хугацаатайгаар авсан бөгөөд цаашид чангатгах эсвэл сулруулах эсэхийг нөхцөл байдлаас шалтгаалан шийдэх юм.


Бельгийн Ерөнхий сайд мөн хорио цээрийн дэглэмийн үед үйл ажиллагаагаа зогсоох ёстой үйлдвэр, компаниудад нөхөн төлбөр олгохоо амласан боловч тодорхой мэдээлэл өгөөгүй байна.


Ийнхүү Бельги улс өнгөрөгч гурав, дөрөвдүгээр саруудтай бараг ижил хатуу дэглэм тогтоож байна. Өмнөх хорио цээрийн дэглэмээс ялгаатай нь одоо томоохон аж ахуйн нэгжүүдийн ажил зогсохгүй, хил албан ёсоор нээлттэй хэвээр байна. Гэхдээ хавар хөл хорих цаг тогтоогоогүй юм.


Сүүлийн долоо хоногт Бельгид коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 392258 хүн халдвар авч, 11308 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ