Я.Содбаатар: Отроор яваа малчдыг хөөсөн Засаг даргад хатуу хариуцлага тооцно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-14 20:32:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Төрийн ордонд танилцуулах үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Хуралд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар оролцов.


-Хөл хорионы дэглэмийн үед ажиллах 13 чиглэлийн байгууллагын нэг хэвлэл мэдээллийн ажилчдыг маргаашаас хувийн машинаар зорчихгүй, нэгдсэн журмаар хоёр машинаар зөөнө гэсэнд тайлбар өгнө үү?

Я.Содбаатар: Зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид хувийн машинаараа зорчино. НОК-той хамтарч ажиллаж байгаа. Тодруулаад хариу өгье. Цар тахлыг хумихын тулд цөөн машин явуулж байгаа. УОК болон НОК цаг алдахгүй мэдээлэл солилцож байгаа тул зөрүүтэй үйл ажиллагаа байхгүй. Өдөр бүр 2 удаа шуурхай хийж байна.


-Халдвар авсан иргэний хавьтагч караокед орсноо нуусан гэж байгаа. Аль хавтагч нь вэ?

Я.Содбаатар: Хувь хүмүүсийн нууцтай холбоотой мэдээлэл өгөхгүй байгаа. Эхний тохиолдлыг ил тод зарласнаас болж сошиал орчинд хүмүүсийг заналхийлснээр иргэд нэр усаа гаргахыг хүсэхгүй байна. Ойрын хавьтагчаас нь хүмүүсийн орж гарсан газрыг зарлаж байна. Богино хугацаанд халдварын голомтыг хумих шаардлагатай тул 119 утас руу залгаад, ирж шинжилгээ өгнө үү. Тандалт судалгааны баг хяналтаа тавьж байгаа.


 -Хөл хорио тогтоосон Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд Засаг дарга тушаал гарган, отроор яваа малчдыг хөөж, албадан нүүлгэсэн гомдол ирсэн. Малаа туугаад хаачих вэ гэж асууж байна. УОК-ын даргын хувьд тайлбар өгөөч?

Я.Содбаатар: Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед захиргааны шинжтэй шийдвэр гаргахгүй байхыг үүрэг болгосон. Отор нүүдэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийг ХХААХҮ сайдад чиглэл өгсөн. Отор нүүдэл хийлээ гэж малчдыг хөөж байгаа Засаг дарга нарт хатуу хариуцлага тооцно. Өмнөх удирдлагын үед УОК-ын шийдвэрийг сонсоогүй дарга нар байж болзошгүй. Хатуу дэглэмийн үед малчдыг хөөж туух нь буруу. Бусад салбарт ч хөл хорионы хатуу дэглэмийн үед захиргааны шийдвэр гаргавал хатуу хариуцлага тооцно.


-ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтан халдвар авлаа. Эмч, сувилагчийн халдвар хамгааллын дэглэм барихад ямар анхаарал хандуулж байна. Хөл хориог мэргэжлийн хүрээнд хийж байна уу, нөхцөл байдал улам хүндэрлээ?

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:  ХӨСҮТ-д эмчлүүлж байсан хүнийг эмчилж байсан долоон эмч, сувилагч халдвар авсан. Тандалт судалгаа хийж байна. Халдвар авч байгаа шалтгааныг тодруулж, арга хэмжээ аваад эхэлсэн. Халдвар авах эрсдэлийг багасгахад анхаарал хандуулж байна. ДЭМБ-тай уялдаа холбоотой ажиллан, байнга зөвлөлдөж, дараагийн шатны арга хэмжээ авч байна. Ард иргэд ухамсартай байж мэдээллээ үнэн зөв бодитой өгөх хэрэгтэй. Ингэснээр хугацаа алдахгүй, голомтын хавьтлыг богино хугацаанд тогтоож, хумих боломж бий.


-Төрийн албан хаагчдад олгох урамшуулал хот, хөдөөд адилхан хамаарах уу? Хэдий хэмжээний урамшуулал олгох вэ?

Я.Содбаатар: Засгийн газраас олгох урамшууллын хувьд Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул  аймаг, боомтуудад бүтэн ажиллаж байгаа эрүүл мэнд, цагдаа, МХЕГ, ОБЕГ, хилийн байгууллагын ажилчдад олгоно. Үүнд дотоодын цэргийн оюутан, резидент эмч нар орсон. Аймагт ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн ороогүй. Нэг сарын үндсэн цалингийн урамшуулал юм. Засгийн газрын нөөцөөс нийт 13 тэрбум төгрөг шийдэж байна.


-Хүнсний ямар нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх вэ?

ХХААХҮ-ийн сайд З. Мэндсайхан: Засгийн газрын хуралдаанаар гол нэрийн хүнсний болон өвөлжилтийг хүндрэлгүй давах чиглэлээр тодорхой бүтээгдэхүүнийг гааль, НӨАТ-аас чөлөөлнө. Цар тахлын тухай хуулийн хүрээнд бэлэн байдлын үед хариу арга хэмжээ авах нөөцийн жагсаалт баталж заасан. Үүнд гол нэрийн хүнсний будаа, ургамлын тосыг татвараас чөлөөлсөн. Мөн өвс, малын бүх төрлийн тэжээл, улаан буудайн үр, ургамлын түүхий тосыг чөлөөлөхөөр хэлэлцээд, УИХ-д өргөн барихаар тогтлоо.


-Одоогоор тогтоогоод байгаа хавьтлын хэдэн хувийг урьдчилсан шинжилгээнд хамруулав?

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан: Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт нийт хавьтлын тоо 2700 орчим байгаа. Одоогоор 2000 орчим шинжилгээ хийсэн. Улаанбаатарт  11 цэгт өнөөдрийн  байдлаар 400 хүнийг шинжиллээ. Түргэвчилсэн болон PCR гэсэн хоёр шинжилгээ авч бататгаж байгаа. Сэлэнгэ аймагт шинжилгээний 2 цэг үүсгэж 200 хүний шинжилгээ авлаа. Дархан-Уул аймагт шинжилгээ аваад эхэлсэн.


-Хилийн боомтуудыг бүрэн хаах зохицуулалт хийх үү?

Я.Содбаатар: Алтанбулагийн боомтыг энэ сарын 16-нд хаах шийдвэр гаргасан. Засгийн газрын сайдууд Алтанбулагт ажиллаад хамгийн эрсдэлтэй цэг гэж үзсэн. Тээврийн жолооч нарын нөхцөл байдлыг судалсан. Алтанбулаг боомтоор одоогоор өдөрт 20-50 машин орж гарахад халдвар хамгааллын нарийн дэглэмийн доор бараа бүтээгдэхүүнийг татаж байна. Алтанбулагийн боомтод МХЕГ, хил, гаалийн 38 албан хаагч ээлжгүйгээр 16 дуустал ажиллана.


-ЕБС-ийн сурагчдын ээлжийн амралтыг хэзээ эхлүүлэх вэ, цахим хичээлийн үр дүн, ачааллыг харгалзаж шийдэх үү?

Я.Содбаатар: Бүх шатны сургалтын байгууллага одоогоор хөл хорионд байгаа. Цаашид яах вэ гэдгийг ярилцаж шийдвэрлэнэ. ЕБС ирэх сарын 18-наас 2 дугаар сарын 1 хүртэл амрах ээлжийн хуваарьтай байгаа. Үүний өмнө теле болон онлайн хичээл яаж оруулахыг ярилцаж байна.


-Короновирусний шинж тэмдэг илэрсэн хүн бүхэн шинжилгээ өгөх боломжтой юу, 150 мянган төгрөгийн үнэтэй гэсэн үнэн үү?

ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан:  Сайн дураараа шинжилгээнд хамрагдахад үнэ төлбөргүй. Нийслэлд 11 цэгт шинжилгээ авч байгаа. Сайн дураар шинжилгээнд хамрагдах хүмүүс ирэх даваа гарагаас очоод өгч болно. Өнөө, маргаашдаа зөвхөн хавьталд орсон хүмүүс очих юм. Нийслэл болон аймгийн бүх шатлалын эмнэлэгт түргэвчилсэн оношлуураар шаардлагатай иргэдэд шинжилгээ хийнэ. Бид тандалтын шинжилгээ хийж байна.


-Халдвартай иргэний ойрын хавьтагч маршрутаа буруу хэлбэл ямар арга хэмжээ авах вэ?

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан: Халдвар авсан иргэнтэй хавьтагч худлаа мэдээлэл өгвөл зөрчлийн тухай хуулийн заалтаар гэмт хэргийн шинжтэй, нуун дарагдуулсан хэрэг болно. Иймд хавьталд өртсөн хүмүүс явсан маршрутаа нууж болохгүй. Иргэний өгсөн мэдээлэл, хувийн нууцыг чанд хадгална, санаа зоволтгүй. Бүх мэдээллээ ичиж зовж, айж эмээхгүй ярих хэрэгтэй. Халдвараас сэргийлэхийн тулд аль болох цөөн хүнтэй уулзаж, дэг сайн барьж, энд тэнд явахгүй байх нь чухал байна. Дам хавьтагчдыг тогтооход маш их зардал, хүн хүч гаргаж байна.


Хэвлэлийн хурлын төгсгөлд УОК-ын дарга Я.Содбаатар хэлэхдээ, “УОК, онцгой, цагдаа, эрүүл мэндийн болон бусад тангараг өргөсөн төрийн албан хаагчид тахлыг богино хугацаанд хумихаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Ард иргэд халдвар хамгааллын нарийн дэглэмээ чанд барьж, маск зүүх, ариутгал хийх, зай барих, аль болох гэрээс гарахгүй байх нь таны иргэний үүрэг, улс орондоо оруулж байгаа хувь нэмэр, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа хэрэг юм. Иргэдийн мэдээлэл авах 1111 дугаар, эрүүл мэндтэй холбоотой асуудлаар зөвлөгөө заавар өгөх 119 утас байнга ажиллаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ