Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний 10 сард 2.1 их наяд төгрөг болжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 15:15:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НДЕГ-ын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 10 сард 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 148.3 (6.5 хувь) тэрбум төгрөгөөр буурчээ.


Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 148.3 тэрбум төгрөгөөр буурахад үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 49.3 (28.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлжээ.


Нийгмийн даатгалын сангийн зарлага эхний 10 сард 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 489.4 (23.5 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 273.2 (17.9 хувь) тэрбум, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 228.0 (3.1 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.


Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ оны эхний 10 сард 17.9 мянган хүнд 41.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэтгэмж авагчид 1379 (7.2 хувь) хүнээр буурч, олгосон тэтгэмжийн хэмжээ 6.9 (20.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.


Засгийн газраас Covid-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа төрийн бус өмчийн аж ахуйн нэгж, байгууллага, их, дээд сургуульд ажиллаж байгаа болон сайн дураар даатгуулагчдад өнгөрсөн 7 дугаар сараас сар бүр 200.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж, оны эхний 10 сард 218.1 мянган даатгуулагчдад (давхардсан тоогоор) 43.6 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ.

 

Холбоотой мэдээ