Монголд халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж болзошгүй

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-11-17 16:25:21

СИНГАПУР. /Mysteel Global/. Монгол Улс дахь “COVID-19” халдварын нөхцөл байдал тус улсын нүүрсний экспортод хэрхэн нөлөөлөхийг БНХАУ-ын нүүрсний зах зээлийн оролцогчид анхааралтай ажиглаж байна.


Монголын Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт “COVID-19” дотоодоос илэрсэнтэй холбогдуулан орон даяар хөл хорио тогтоосон юм.


“Даваа гаргийн өглөөний байдлаар улс даяар 1818 хүнд шинжилгээ хийхэд халдварын гурван шинэ тохиолдол илэрсэн” гэж тус улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв мэдээлсэн байна.


Монгол Улс энэ оны эхээр шуурхай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр дэлхий дахинд дэгдээд буй цар тахал тархахаас урьдчилан сэргийлж чадсан гэдгийг “Mysteel Global” цахим хуудас онцолжээ.


Гэсэн хэдий ч халдварын шинэ давлагааны улмаас Монголын Засгийн газар ОХУ-тай хиллэдэг зарим боомтоо түр хаасан боловч Монгол-Хятадын томоохон боомтууд нээлттэй хэвээр байгааг Засгийн газрын эх сурвалжууд мэдээлсэн байна.


“Цар тахлын үед эдийн засгийн байдал хүндэрч болзошгүй тул хилийн боомт дээр үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн хяналтын байгууллагууд аль болох түргэн шуурхай, тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна” гэж Монголын үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг энэ сарын 14-нд мэдээлжээ. Монголоос өнгөрсөн баасан гарагт 1425 ачааны тэргээр 138602 тонн нүүрсийг БНХАУ руу экспортолсон гэж тус агентлагийн мэдээнд тэмдэглэжээ.


“Монгол Улсад хөл хорио тогтоосныг үл харгалзан Хятад-Монголын нүүрсний худалдааны томоохон боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Гэсэн хэдий ч Монголын нүүрсний экспортын хэмжээ 9-10 дугаар сарын оргил үетэй харьцуулахад саяхнаас буурсан” гэж Шанхай хот дахь нэгэн шинжээч мэдээлжээ.


Монгол Улс нь Хятадын эцсийн хэрэглэгчдийн /end-users/ хувьд гадаадын гол эх үүсвэрүүдийн нэг юм. “Mysteel Global”-ын мэдээлснээр, Австралийн коксжсон нүүрсний импортын хязгаарлалтыг чангатгаснаас хойш Монголын нүүрсний Хятадын зах зээл дэх эрэлт улам нэмэгдсэн байна.


Мөн Хятадын эцсийн хэрэглэгчдийн дунд коксжсон нүүрсний эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим худалдаалагч Монголын нүүрсний үнийг саяхнаас нэмэгдүүлэх болжээ.

Холбоотой мэдээ