ДНБ өмнөх оны мөн үеийнхээс нэг их наяд төгрөгөөр буурлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2020-11-18 11:12:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний 9 сард урьдчилсан гүйцэтгэлээр оны үнээр 26.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 953.5 (3.5 хувь) тэрбумаар, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 12.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.0 (7.3 хувь) их наяд төгрөгөөр буурлаа.


 ДНБ (2010 оны зэрэгцүүлэх үнээр)-ий 7.3 хувийн бууралтад уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 595.5 (20.7 хувь) тэрбум, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 401.4 (7.0 хувь) тэрбум төгрөгөөр буурсан нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


ДНБ, энэ оны эхний 9 сард 7.3 хувиар буурсны (-4.3) пункт нь уул уурхай, олборлолтын салбарт, (-0.6) пункт нь аж үйлдвэр, барилгын салбарт, (-2.9) пункт нь үйлчилгээний салбарт, тухайлбал (-1.5) пункт нь тээвэр, мэдээлэл холбооны салбарт, (-1.5) пункт нь бөөний , жижиглэн худалдааны салбарт, (-1.1) пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож байна.


Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний 9 сард 2.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 11.3 хувиар өссөн нь ДНБ-д 1.6 пунктээр эерэг нөлөөлөв.


Уул уурхай, олборлох салбарын нэмэгдэл өртөг ( 2010 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний 9 сард 2.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 20.7 хувиар буурлаа. Энэхүү бууралтад чулуун нүүрс, зэсийн баяжмал, газрын тосны олборлолт буурсан нь голлон нөлөөлжээ.


Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2010 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 5.2 хувиар буурч, ДНБ-д 0.6 пунктээр сөрөг нөлөөлөв. Боловсруулах салбар ДНБ-д 0.4 пунктээр сөрөг нөлөөллөө. Боловсруулах салбарын бууралтад нэхмэлийн үйлдвэрлэл, кокс, шахмал түлш үйлдвэрлэл, хувцас үйлдвэрлэл, химийн бодис болон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарууд 38.8-14.2 хувиар буурсан нь нөлөөлөв.


Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг ( 2010 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний 9 сард 5.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 401.4 (7.0 хувь) тэрбум төгрөгөөр буурч, ДНБ-д 2.9 пунктээр сөрөг нөлөөлжээ.


ДНБ-д энэ оны эхний 9 сард эцсийн хэрэглээ 73.5, хөрөнгийн нийт хуримтлал 26.0, цэвэр экспорт 0.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс эцсийн хэрэглээ 6.8 пунктээр, бараа, үйлчилгээний цэвэр экспорт 3.6 пунктээр нэмэгдэж, хөрөнгийн нийт хуримтлал 10.4 пунктээр буурчээ.


Холбоотой мэдээ