Гадаад худалдааны бараа эргэлт 10.4 тэрбум ам.долларт хүрчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2020-11-18 11:20:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 10 сард 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.4 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 6.0 тэрбум, импорт 4.4 тэрбум ам.доллар боллоо.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (10.1 хувь) тэрбум ам. доллар, үүнээс экспорт 542.5 (8.3 хувь) сая ам.доллароор, импорт 627.6 (12.4 хувь) сая ам. доллароор буурчээ.


Экспорт энэ оны 10 дугаар сард 839.1 сая ам. доллар, импорт 508.9 сая ам. доллар болж, өмнөх сараас экспорт 170.9 (25.6 хувь) сая, импорт 34.0 (7.2 хувь) сая ам. доллароор өсөв.


Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 10 сард 1.5 тэрбум ам. долларын ашигтай гарч байсан  бол 2020 оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 85.0 сая ам. доллароор өсөж, 1.5 тэрбум ам.долларын ашигтай байна.


БНХАУ-тай 6.1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 58.1 хувийг эзлэв. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 38.0 хувийг чулуун нүүрс, 30.5 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.8 хувийг, Сингапур улсад экспортолсон барааны 45.5 хувийг, Их Британи улсад экспортолсон барааны 58.1 хувийг алт эзэлж байна. 


Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 542.5 сая ам. доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 195.3 сая, нүүрсний экспорт 976.7 сая ам. доллароор буурсан нь нөлөөллөө.


Импортын гол түнш улсуудын дүнг авч үзвэл, 2020 оны эхний 10 сард, БНХАУ 36.8, ОХУ 25.8, Япон Улс 7.8, АНУ 4.7, БНСУ 4.4, хувийг  эзэлж, нийт импортын 79.6 хувийг бүрдүүллээ.


ОХУ-аас импортоор оруулсан барааны 49.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас  импортолсон барааны 58.6 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 6.1 хувийг цахилгаан эрчим хүч, 7.7 хувийг ачааны тэрэг, 86.3 хувийг олон нэр төрлийн бага жинтэй, бараа бүтээгдэхүүн эзэлжээ.


Импорт өмнөх оны мөн үеийнхээс 627.6 сая ам. доллароор буурахад автобензиний импорт 60.9 сая, дизелийн түлшний импорт 211.7 сая, суудлын автомашины импорт 128.2 сая, ачааны автомашины импорт 73.4 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ.


Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйсийн экспорт нийт экспортын 97.0 хувийг эзэлж байгаа бол импортын 63.2 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байв.

Холбоотой мэдээ