“COVID-19”-ийн вакциныг хэзээ хийлгэх боломжтой болох вэ?

Дэлхийд | Шинжлэх ухаан
khulan@montsame.gov.mn
2020-11-19 13:36:16

БЕРЛИН. /DW/. Дэлхий дахины судлаачид “COVID-19”-ийг үүсгэдэг “SARS-CoV-2” коронавирусний эсрэг үр дүнтэй, аюулгүй вакциныг гарган авахаар ажиллаж байна.


Одоогийн байдлаар коронавирусний вакцинууд хөгжүүлэлтийн ямар үе шатандаа явж байгааг та бүхэнд танилцуулъя.


Дэлхий даяар 50 гаруй вакцины эмнэлзүйн туршилт үргэлжилж байгаа боловч тэдгээрийн аль нь ч албан ёсны зөвшөөрөл аваагүй байна.


Вакцин гарган авах үйл явц ямар шатандаа явж байна вэ?

COVID-19”-ийн вакцинуудын дийлэнх нь эмнэлзүйн өмнөх туршилтын шатандаа буюу амьтад дээр турших үйл явц үргэлжилж байна. Энэ үе шатны туршилт амжилттай болбол эмнэлзүйн туршилтыг эхлүүлж, хүмүүсийн биед туршина.


Эмнэлзүйн туршилтыг гурван үе шаттайгаар явуулах бөгөөд тэдгээр нь хамруулж буй хүмүүсийн тоогоороо өөр хоорондоо ялгаатай байдаг. Тодруулбал:


Нэгдүгээр үе шатны туршилтад вакциныг цөөн хүний биед тарьдаг. Харин хоёрдугаар үе шатанд хамгийн багадаа 100 хүнийг оролцуулах бөгөөд өндөр настай гэх мэт янз бүрийн бүлгийн хүмүүсийг хамруулдаг. Гуравдугаар үе шатны туршилтын хувьд хамгийн багадаа 1000 хүнийг оролцуулдаг.



Европын “BioNTech”, АНУ-ын Pfizer”, БНХАУ-ын “Sinovac” зэрэг компани мөр зэрэгцэн хэд хэдэн туршилт явуулаад байна. Жишээлбэл, тэдгээр компани өөрсдийн вакцинаа өөр өөр насны хүмүүст, өөр өөр тунгаар тарьж туршжээ.


Эмнэлзүйн туршилт амжилттай болбол аливаа компани вакцинаа олон нийтэд тарих зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох дээд шатны байгууллагад албан ёсоор гаргах шаардлагатай юм. Одоогоор АНУ-ын Хүнс, эмийн хяналтын удирдлагын газар, Европын Эмийн агентлаг гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй байна.


Вакцины зөвшөөрлийг олгосны дараа юу болох вэ?

Аливаа вакцин зөвшөөрлөө авлаа гэхэд бүх хүнийг нэн даруй дархлаажуулалтад хамруулна гэсэн үг биш юм.


Нэгдүгээрт, вакциныг олноор үйлдвэрлэх шаардлагатай. Вакцин үйлдвэрлэгчид 2021 оны эцэс гэхэд олон тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр зорьж байна.


Хоёрдугаарт, ложистикийн мэргэжилтнүүд вакциныг зохистой түгээхэд анхаарах хэрэгтэй бөгөөд олон нийт хэнд түрүүлж вакцин хийхийг шийднэ.


Эцэст нь, вакцин хийлгэх эсэхээ хувь хүн өөрөө шийдэх шаардлагатай болно. “COVID-19”-т хамгийн их нэрвэгдсэн 35 орны 13 мянга гаруй хүний дунд явуулсан судалгааний дүнгээс үзэхэд тэдний дийлэнх нь вакцинжуултад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.



COVID-19”-ийн вакциныг хэзээ хийлгэх боломжтой болох вэ?

Аливаа халдварт өвчнөөс сэргийлэх үр дүнтэй, аюулгүй вакциныг гарган авахад олон жилийн хугацаа шаардагддаг. Дунджаар тооцоолбол, 10-12 жил шаардлагатай боловч түүнээс ч урт хугацаа зарцуулж болно. ХДХВ-ний вакциныг гарган авах судалгаа 1980-аад оны эхэн үеэс эхэлсэн боловч өдийг хүртэл амжилт олоогүй байна.


COVID-19”-ийн хувьд цар тахлын хэмжээнд хүрсэн тул судлаачид вакциныг аль болох түргэн шуурхай гарган авахаар цагтай уралдан ажиллаж байна. Хэдийгээр хүнд нөхцөл байдал үүсээд байгаа боловч эрдэмтэд, үйлдвэрлэгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ зүгээс вакцины аюулгүй байдалтай холбоотой эрсдэл гаргахгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.



Эрдэмтэн судлаачид цар тахал дэгдсэн энэ үед вакцины зөвшөөрөл авах дундаж хугацааг 17 сар байлгахаар түргэн шуурхай ажиллаж байна. Гэсэн хэдий ч энэ нь зөвхөн эхлэл төдий юм. Тодруулбал, эмнэлзүйн туршилтууд амжилттай дуусаж, вакциныг хийх зөвшөөрөл авч, олноор үйлдвэрлэсний дараа судлаачид дөрөвдүгээр шатны туршилтыг эхлүүлж, вакцин хийлгэсэн өвчтөнүүдийн биеийн байдлыг ажиглах ажээ.


COVID-19”-ийн вакциныг гарган авахаар хэн хэн ажиллаж байна вэ?

Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 100 гаруй судалгааны баг “COVID-19”-ийн вакциныг гарган авахаар ажиллаж байгаагаас 10 баг вакциныхаа эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтыг явуулж байна.



Тэдгээрээс хамгийн өргөн хүрээг хамарсан туршилт явуулж буй таван багийг дурдвал,

    • Бельгийн “Janssen” компанийн туршилтад АНУ, Аргентин, Бразил, Колумби, Бельгид 90 мянга орчим хүн оролцож байна.
    • Оксфордын их сургууль, Их Британийн “AstraZenca” компанийн туршилт АНУ, Чили, Перу, Их Британид 60 мянга орчим хүнийг хамарч байна.
    • БНХАУ-ын “Sinopharm” компанийн вакцины туршилтад Бахрейн, Йордан, Египет, Марокко, Аргентин, Перуд 55 мянга орчим хүн оролцож байна.
    • Германы “BioNTech” компанийн туршилтын хувьд АНУ, Аргентин, Бразил болон өөр хэд хэдэн орны 44 мянган хүнийг хамруулж байна.
    • БНХАУ-ын “CanSino” компани вакцинаа Пакистанд 41 мянга орчим хүнд туршиж байна. 
Холбоотой мэдээ