Завхан аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-11-19 20:51:34

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд энэ сарын 18-19-ний өдрийн өглөөний 07.00 цагийн байдлаар эмнэлгийн амбулатороор нийт 678 иргэн үйлчлүүлжээ.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг хөл хорионы журам, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийн дагуу хийж байгаа. Амбулаторийн нийт үзлэгийн 4.1 хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар нийт 36 иргэн үйлчлүүлжээ. Энэ өдөр түргэн тусламжийн нийт 59 дуудлага ирсэн. Аймгийн хэмжээнд амьсгалын аппарат дөрвөн ширхэг бий. Үүний гурав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлэгт нэг бий. Батлагдсан нийт орны тоо 590 байна. Үүнээс хүүхдийн батлагдсан орны тоо 87, "Ковид-19" халдварын үед хэрэглэгдэх орны тоо 47 байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 168 хүн байна. Эрүүл мэндийн салбарын 25 нэгжид 24 цагийн зөвлөгөө, мэдээлэл өгөх утсыг ажиллуулж байгаа. Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлсэн 759, гэрийн эргэлт дуудлагаар үйлчилгээ үзүүлсэн 75 иргэнд "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгсөн.

Одоогоор манай аймагт Зоонозын өвчний сэжигтэй тохиолдол гараагүй. Коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна. Гэсэн хэдий ч иргэд маань коронавирусний халдварын үед гаднаас гэртээ орохдоо гадуур өмссөн гуталтай явахгүй байх. Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх. Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях. Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх. Гараа савандаж угааж халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах. Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах. Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх хэрэгтэйг сануулж байна.

Харин гэртээ байх үедээ худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих. Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах. Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх. Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх. Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солихыг зөвлөж байна. Мэдээж онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг иргэн бүрд зөвлөж байна гэж аймгийн ЭМГ-ийн Шуурхай штабаас тус тус мэдээллээ.



Гэмт хэргийн шинжтэй гомдол ирээгүй

Завхан аймагт 11-р сарын 19-ний өдрийн байдлаар аймгийн нутгаар дамжин өнгөрсөн тээврийн хэрэгсэл байхгүй. Нийт хоёр тээврийн хэрэгслээр зургаан хүн нэвтэрсэн гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд байнгын дөрвөн пост, түр хяналтын 55 цэгт нийт 62 цагдаагийн алба хаагч, бусад мэргэжлийн байгууллагуудаас 176 алба хаагч, ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Өдөрт нийт 59 хяналтын цэгт 238 хүн 59 автомашинтай  үүрэг гүйцэтгэж байна. Цагдаагийн газарт иргэдээс ирсэн  гомдол мэдээлэл байхгүй. Гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй мэдээлэл байхгүй. Эрүүлжүүлэх, саатуулах байранд хүн саатуулагдаагүй, зам тээврийн зөрчилгүй, хорио цээрийн дэглэм зөрчсөн асуудал гараагүй байна. Иргэд дүрэм, журмыг маш сайн мөрдөж байгаа нь сайшаалтай. Гэсэн хэдий ч гудамж талбай олон нийтийн газар нус, цэр, хог хаяхгүй байх. Амны хаалт тогтмол зүүх, олон нийтийн газраар зорчихгүй байх. Бага насны хүүхдээ гадуур авч явахгүй байх. Онц шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг зөвлөж байна.

 

Алба хаагчид ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг сахиж үүрэгт ажлаа хийж байна

Улиастай сумын зургаан багт коронавирусний халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх, хөл хорионы дэглэм, журмыг биелүүлэхийг хүссэн мэдээллийг чанга яригчаар дамжуулан иргэдэд өгч байна.

Түүнчлэн албан ёсны мэдээллийг албаны цахим хуудас болон аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан иргэдэд тухай бүр өгч байна. Хөл хорио тогтоосон энэ хугацаанд аймгийн хэмжээнд "Ковид-19" халдарын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Албанаас бэлтгэсэн халдвар хамгааллын хэрэгслийг тухайн өдрийн эргүүл, жижүүр, гудамж талбайд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад тарааж, ариутгал халдваргүйтгэлийн бодисыг ажлын байр, өрөө тасалгааны цэвэрлэгээ, үйлчилгээнд хүртээмжтэйгээр зарцуулж байна. Хяналтын цэгт үүрэг гүйцэтгэх алба хаагчдын ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг хангах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналтын цэгүүдэд шаардлагатай эд зүйл, хэрэгслээр хангах ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Сумдын Тамгын газар болон цагдаагийн газраас тус тус хариуцан ажиллаж байна гэж Цагдаагийн газрын шуурхай штабаас мэдээлэл өглөө.  

Холбоотой мэдээ