Аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд санал авч дуусжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-11-23 18:33:00

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулахад иргэн, байгууллагуудаас ирсэн саналуудыг нэгтгэх ажлыг хийж байна гэж ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс мэдээлэв.

-Монгол Улсын Их хурлаас “Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хууль”-ийг шинэчлэн баталсантай холбогдуулан Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” боловсруулах ажлыг 24 сум, баг, салбарын агентлаг, хэлтсүүдийн оролцоотойгоор боловсруулж байна.

Энэхүү бодлогын бичиг баримт боловсруулах ажилд НҮБХХ, ДЗОУБ-ын төслүүд хамтран ажиллаж байгаа. Аймгийн 24 суманд 12 ажлын хэсэг ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт 1600 орчим иргэн оролцсон байна. Мөн 45 төрийн болон, төрийн бус байгууллага саналаа ирүүлсэн. Үндсэн чиглэлд санал авах үйл ажиллагаа 10 дугаар сараас эхэлж бүтэн сарын хугацаанд зохион байгууллаа. Ахмад настан, залуучууд, малчид, боловсрол, эрүүл мэнд, төрийн захиргааны ажилтнуудын бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлгийг зохион байгуулж саналыг аваад байна.

Завхан аймгийн хөгжлийн бодлогыг тодорхойлоход иргэн бүрийн оролцоо маш чухал бөгөөд иргэн бүр өрх, баг, хороонд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор саналаа утсаар болон биечлэн хүргүүлсэн байна. Одоогоор саналуудыг нэгтгэх ажил хийж байна гэв. 

Холбоотой мэдээ