Түр хамгаалах байрыг оноос өмнө ашиглалтад оруулах чиглэл өглөө

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-24 19:35:38

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүйн яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах төсөл дөрвөн аймагт хэрэгжиж байгаагийн нэг нь Сүхбаатар аймаг юм. Аймгийн Цагдаагийн газрын дэргэд барьж байгаа түр хамгаалах байрны барилгын ажлын явцтай аймгийн засаг даргын орлогч Г.Мөнхзаяа танилцаж, ондоо багтаан ашиглалтад оруулах чиглэлийг өглөө.

Барилгын ажил 7 дугаар сард эхэлсэн. Гүйцэтгэгчээр нь Улаанбаатар хотын компани шалгарч 11 дүгээр сард ашиглалтад өгөх байсан ч ийнхүү ажлын гүйцэтгэл хангалтгүй байна. Төслөөр хэрэгжиж буй ажил учир санхүүжилт хугацаандаа олгогдож байгаа, зөвхөн гүйцэтгэгч компанийн ажлын гүйцэтгэл удаашралтай байгаа юм. Тиймээс барилгын ажлыг түргэвчилж, оноос өмнө дуусгахыг ийнхүү үүрэг болголоо. Энэхүү байр ашиглалтад орсноор хүчирхийлэлд өртөж буй хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахаас гадна  хүчирхийлэл үйлдэгчдэд зориулсан сэтгэлзүйн сургалт, зөвлөгөөг явуулах боломж бүрдэх юм.


Аймгийн зүгээс үүрэг чиглэл өгч ямартаа ч барилгыг ондоо багтааж ашиглалтад оруулах тал дээр онцгой анхаарч ажиллана. Мөн 2021-2025 оны Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хүчирхийлэлтэй тэмцэх, бууруулах чиглэлээр тодорхой ажлыг тусгуулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяа хэллээ.

Хүүхэд эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр хамтарсан баг сум бүрт ажилладаг. 2019 онд хүүхдийн тусламжийн 108 утсанд хүчирхийлэлтэй холбоотой хүүхдийн 26, насанд хүрэгчдийн 6 дуудлага ирж байсан бол 2020 оны 11 сарын байдлаар хүүхдийн  38 дуудлага, насанд хүрэгчдээс 6  дуудлага иржээ. Мөн одоогоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хүчирхийллийн 53 кейст хариу тусламжийн үйлчилгээ үзүүлээд байна гэдгийг хэллээ.

 

 

Холбоотой мэдээ