Хорио цээрийн нөхцөлд түрээслүүлэгч нартай тохиролцох арга замууд бий

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-11-24 16:45:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Түрээслэгч нар онцгой нөхцөл байдалд түрээсийг хөнгөлөхөөс илүү түрээсийн хугацааг хойшлуулахыг зөвшөөрдөг байна. Учир нь түрээслүүлэгч нарт тасралтгүй орлого хэрэгтэй бол заримд нь бүтэн биш юм гэхэд түрээсийн төлбөрийн зарим хэсгийг авч байх нь чухал байдаг. Тэгвэл заримынх нь хувьд цаг хугацаандаа төлбөрөө авахаас илүүтэй төлбөрөөс бүрдэх орлогын ерөнхий үзүүлэлт чухал. Тиймээс хөнгөлөлт үзүүлэхээс илүү төлбөрийн хугацааг хойшлуулахыг зөвшөөрдөг хэмээн бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэдэх зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн зөвлөлийн мэргэжилтэн, шинжээчид хэлж байна. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын өнөөгийн нөхцөлд бизнес эрхлэгчид цалин, түрээс, татвар, зээл, ус, дулаан, цахилгааны төлбөрөө төлж хаахад улам хүндэрч байна. Ялангуяа түрээслэгч, түрээслүүлэгчдийн хоорондын харилцаа хүндрэлтэй байдал ороод байна. 

Хорио цээрийн нөхцөлд түрээслүүлэгчидтэй тохиролцож явахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Учир нь Монгол Улсын хууль тогтоомжид онцгой нөхцөлд түрээслүүлэгч түрээсийн төлбөрийг бууруулах, түрээслэгчийг төлбөрөөс чөлөөлөх талаар тодорхой тусгаагүй учраас хоёр тал ярилцаж тохиролцохоос өөр аргагүй байдаг аж. Түрээслүүлэгч, түрээслэгч хоёрын аль алинд нь туслах стратеги, тэдний хооронд өрнөж болох хэлэлцээрийн үр дагаврын талаар экспертүүд саналаа хэлж байна. Энэ талын арга замын талаар танилцуулбал: 

  • Түрээслүүлэгчтэй хамтран ажиллах эсэхээс үл хамаарч нөхцөл байдлын талаар аль аль тал ярилцах хэрэгтэйг зөвлөжээ. Ярилцаж ойлголцох нь мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгаж, эрсдэл хаана хаанаа байгааг ойлгох болно. Мэдээлэл хоёр талд хоёуланд нь чухал. Учир нь түрээсийн гэрээ сүүлийн цэгийг дуустал заалтуудыг мөрдөх хатуу нөхцөлтэй байж болох ч болж буй нөхцөл байдалд учирч буй эрсдэлийг аль аль нь тооцон ярилцах учиртай. 


МҮХАҮТ-аас “COVID-19" бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар 1100 ААН-ээс судалгаа авахад бизнест тулгарч буй гол хүндрэлд: зээлийн төлбөр, хугацаа, хүү гэдгийг судалгаанд хамрагдсан ААН-үүдийн 66 хувь, түрээсийн төлбөр гэж 22 хувь, төрийн үйлчилгээний хүнд суртал гэж 9 хувь, санхүүгийн эх үүсвэр гэж 3 хувь нь үзжээ.


  • Юуны өмнө түрээслүүлэгч ямар нөхцөлд байгааг тодруулах шаардлагатай. Энд түрээсийн төлбөрийн талаар хэлэлцээр хийх нь анхны алхам бөгөөд түрээслүүлэгчийн санаа бодлыг судлах нь чухал. Хэлэлцээр хийхэд түрээслүүлэгч мөнгө болон эрсдэлд яаж ханддаг, түрээсийн төлбөрийг бууруулах, гэрээний нөхцлийг зөөллөхөд эрсдлийг дааж чадах эсэх зэрэг хүчин зүйлс чухал болдог байна.
  • Онцгой хүнд нөхцөлд түрээсийн нөхцлийг өөрчлөх талаар тохиролцохыг оролдоод үзэхэд илүүдэхгүй. Төлбөр төлөхөөс шууд татгалзахын оронд хоёр талд ашигтай шийдэл санал болгохыг хичээхийг зөвлөж байна. Энэ нь хямрал дуусаж, хүндрэл арилж эхлэх үед танд үүсэх эрсдлийг багасгаж өгнө.
  • Хэрэв жирийн үед сайн түрээслэгч бол түрээсийн хугацааг сунгах санал тавьбал ойрын хугацааны сул зогсолтоос болгоомжилж буй түрээслүүлэгчийн хувьд энэ нь "сонирхолтой" байж мэднэ. Тэгээд ч хэрэв хямрал удаан үргэлжилбэл түрээслүүлэх үл хөдлөх хөрөнгийн эрэлт эрс унах магадлал өндөр. Үүний тод жишээ нь зочид буудлууд юм. Одоогийн нөхцөлд тэд ямар ч орлогогүй байгаа ч бизнес моделийн хувьд урт хугацааны төлөвлөгөөтэй  салшгүй холбоотой. Тухайлбал, зочид буудлын сул зогсолтыг багасгах боломжтой юм.
  • Түрээслүүлэгчтэй эрсдэл, орлогоо хуваалцах нь түрээслүүлэгчийг түрээсийн нөхцлийг эргэн харахад хүргэж болох өөр нэг арга зам аж.  Энэ нь хойшлуулсан төлбөрийн тодорхой хувиар хүү төлөх эсвэл орлогоо хуваах санал юм. Ийм нөхцөлд түрээслэгч төлбөрөө хойшлуулаад зогсохгүй түрээслүүлэгч нарт тухайн бизнесийг аврахад тусалсных нь төлөө олгох урамшууллын хэмжээг нэмэгдүүлж чадна. Ийм төрлийн хэлцэл нь худалдан авагчдыг голчлон татдаг цөөн тооны түрээслэгчтэй, тэдгээр нь барилга, үл хөдлөх хөрөнгийн нь үнэ цэнэд нөлөөлдөг худалдааны төвүүдэд илүү тохиромжтой байдаг аж.
  • Хямралын нөхцөлд олон компани гарааны бизнесийн түвшин рүү буудаг. Тэд одоо мөнгө багатай ч ирээдүйд орлого бүрдүүлэх хүчин чадалтай (потенциал бий). Энэ нь тэд бизнесээ авч үлдэхийн тулд шууд тохиролцоно гэсэн үг. Жишээ нь түрээслэгч нар (ялангуяа банкны зээлдэгч нар) төлөх өрөө үнэт цаас, хувь, түүгээр барахгүй оюуны өмчийг хамтран эзэмших эрх зэргээр төлдөг жишээ бий. Энэ нь түрээслэгчийн санаачилгаар түрээслүүлэгчтэйгээ шууд түншийн харилцаанд шилжиж байна гэсэн үг. 

Холбоотой мэдээ