Шинжилгээнд хамрагдаагүй бол Нийслэлийн товчоодоор нэвтрүүлэхгүй

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-24 20:56:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 23-ны байдлаар Улаанбаатар хот руу хүнс, шатахуун, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, эм эмнэлгийн бараа материал тээвэрлэх зорилгоор 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрлээ.


Нийслэлийн мал эмнэлгийн газраас хот руу нэвтэрч байгаа бүх тээврийн хэрэгслийн гадаргууг ариутгаж, товчоогоор нэвтэрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг заавал шинжилгээнд хамрагдсан байх, хэрэв хамрагдаагүй бол хот руу оруулахгүй, орон нутагт нь буцааж байна.


НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ, “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн тул иргэдийн халдвар, хамгааллын дэглэмг сахиулахаар хяналтын ажилчид ачаалал ихтэй, 34 чиглэлд 86 автобусны буудал дээр ажиллаж байна. Нийслэлд тэтгэвэр, халамжийн мөнгө авах иргэдэд карт олгож эхэлсэн. Өчигдөр Төрийн болон Хаан банкны салбараар 30 гаруй мянган хүн энэ үйлчилгээнд хамрагдав. Энэ долоо хоногт карт олгож дуусна.


Бид аймгуудын шуурхай штабын албан хаагчидтай цахимаар цаг үеийн мэдээлэл солилцож байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн цагдаагийн албаны хөдөлгөөнт эргүүлийн албан хаагчид иргэдийг хулгайгаар орон нутаг руу зорчих үйлдлийг таслан зогсоож байна. Учир нь сүүлийн үед зүү аймгууд руу явах хүсэлтэй иргэд Өлзийт товчоогоор хулгайгаар нэвтрэх тохиолдол их гарч байна” гэв. 


Нийслэлд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна. Өчигдөр нийслэлийн шуурхай штабын 11-324702 утсанд эмнэлгийн үйлчилгээ, автомашины тусгай зөвшөөрөл, хотоос гарах, орох хөдөлгөөнтэй холбоотой 850 гаруй санал хүсэлт иржээ.


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан НОК-ын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагч коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ