ШӨХТГ: Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдлөөс сэргийлэн ажиллаж байна

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-11-25 13:34:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ-ын Улсын байцаагч нарын 9 баг өдөр бүр нийслэлийн 6 дүүрэгт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлэн ажиллаж байна. 


Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдөр буюу энэ сарын 11-нд Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, эм үйлдвэрлэл эрхлэгчдэд хүргүүлжээ.


Энэ бичиг баримтад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон нэг удаагийн маск, бээлий, спирт, гар ариутгагчийн  зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үнэ хөөрөгдүүлж,  хэрэглэгчийн эрх ашгийг зөрчихгүй байх шаардлагыг тусгасан юм.


Нэгдүгээр баг 00:00 – 03:00 цаг хүртэл  22-ын товчоон дээр орон нутгаас ирж буй махны нийлүүлэлт, борлуулалтад, хоёрдугаар баг 3:30 – 07:00 цаг хүртэл 22-ын товчооноос “Хүчит шонхор” захад ирэх нийлүүлэлтэд, 3,4,5,6,7 дугаар баг өглөөний дүн мэдээтэй танилцаж, Агентлагийн даргаас өгсөн чиглэлийн дагуу бусад зах, хүнсний дэлгүүрийг хянаж байна.


Мөн иргэдийн гомдлыг хүлээн авч, шалгалт явуулан илэрсэн зөрчилд хуулийн хүрээнд арга хэмжээ авч, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдлөөс сэргийлэн ажиллаж байна.


Тухайлбал, 11 сарын 24-нд “Үлэмж гросерс” ХХК-ийн “Good price” дэлгүүрт хонины ястай мах 10500, үхрийн цул мах 16000 төгрөгөөр үнэ нэмж борлуулж байсан нь тогтоогдсон тул Зөрчлийн хуулийн 10.7-д заасны дагуу 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан.


Мөн энэ сарын 24-ний 00:00 цагаас 11.25-ны 12 цаг хүртэл 22-ын товчоо, Хүчит шонхор, Барс, Нарантуул, Хархорин, Амгалан захад мах, гурил, будаа, сүү, талх, өндөг зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад хяналт тавилаа гэж ШӨХТГ-аас мэдээлэв.


             



 


Холбоотой мэдээ