Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Ялтсан хуягт гутал

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2020-11-27 10:11:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн Газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор "Хосгүй үнэт" дурсгалт зүйлээр баталж гэрчилгээ олгосон "Ялтсан хуягт гутал"-ыг энэ удаад танилцуулъя. 

Эдүгээ Монголын Үндэсний музейд буй уг дурсгал нь XV-XVI зууны үед холбогддог, ижил төрлийн дурсгал байхгүй цорын ганц гэдгээрээ онцлог юм.


 Өндөр 47 см , урт 28 см, өргөн 9 см, жин 2.1 кг Материал: Төмөр, савхи

Уг гутлыг 1953 онд Архангай аймгийн орон нутаг судлах кабинетийн эрхлэгч н.Самдан Хангай сумын V багийн иргэн Раашнямын Дашрагчаа эмгэнд хадгалагдаж байсныг авч тухайн үеийн Төв музейд газарзүйч эрдэмтэн О.Намнандоржоор дамжуулан Улаанбаатар хотноо илгээсэн ажээ. Эрдэмтэн Х.Пэрлээ гутлын тодорхойлолтыг бичиж хэвлүүлсэн нь эдүгээ уг үзмэрийн талаар өгүүлэх үнэт эх сурвалж болдог.

Дайны зориулалттай зуны бойв гутал нь боловсруулсан нимгэн булигааран гадартай, ялтсан дотортой түүний дотор нимгэн эсгий зөөлөвчтэй, зулагтай, товшмол ултай мөлгөр бөөрөнхий хоншоортой. Түрийнээс дээш өвдөг халхлах омгоос нарийн суран оосроор дээш татаж сойх татуургатай. Үүнийг түнэ гэдэг. Энэ гутлыг XV-XVI зууны үе Монголын түүхийн бага хаадын үед холбогдоно хэмээн эрдэмтэн Х.Пэрлээ үзжээ.

Харин эрдэмтэн Бямбын Ренчин уг гутлыг XIII зууны үед хамааруулж үзэж байсан гэдэг. Гутлын ялтас нь нэг ижил хэмжээтэй олноор үйлдвэрлэгдсэн, сайн боловсруулалтай байсныг судлаачид тэмдэглэдэг.

Холбоотой мэдээ