Санхүүгийн зохицуулах хороо цахим гарын үсэг ашиглаж эхлэв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 10:08:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын нөхцөл байдлын үед Санхүүгийн зохицуулах хороо SmartOffice систем ашиглан цахим гарын үсэг бүхий албан бичгийг иргэд, аж ахуйн нэгжүүдээс хүлээн авч, илгээж эхэллээ.


Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д нэгдсэнээр санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээл, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагааг цахимжуулах боломж бүрдсэн.


Тодруулбал, СЗХ болон зохицуулалттай байгууллагын ажил, үйлчилгээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд илүү ойртох, нээлттэй болгох, иргэдийн санхүүгийн хүртээмж нэмэгдэх боломж бий болсон.


Тоон гарын үсэг нь цахим орчинд саадгүй, найдвартай таньж нэвтрүүлэх, баталгаажуулах зорилготой. Гарын үсэг ашигласнаар цахим үйлчилгээ, төлбөр тооцоо, худалдааны системд аюулгүй хандах, цахим хэлцэл, гүйлгээ хийх, дамжуулж буй өгөгдөл, мэдээллийн нууцлалыг бүрэн хангадаг.


Цаашилбал хадгаламж, зээл, барьцааны гэрээ болон бусад гэрээг цахим гарын үсэгт суурилж гүйцэтгэх, үнэт цаасны зах зээл, арилжааг цахимжуулах, хөрөнгийн зах зээлд иргэдийн оролцоог нэмэх давуу талтай.


Иймд зохицуулалтын байгууллагууд цахим гарын үсгээ SmartOffice системд ашиглах боломжтой бөгөөд систем ашиглах зааварчилгааг https://www.smartoffice.mn/ вэб хаягаас авч болох аж. 

Холбоотой мэдээ