Монгол Улсын Үндэсний атласыг монгол, англи хэлээр шинэчилж хэвлэнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 11:22:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндэсний атласын гурав дахь хэвлэлтийг 2021 онд англи, монгол хэлээр хэвлүүлэхээр бэлтгэж байна.


Атласын зургуудыг шинэчлэн боловсруулахад эрдэм шинжилгээний болон төрийн, төрийн бус 10 гаруй байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач оролцон хэвлэх эхийг бэлэн болгожээ.


Улс үндэстний байгаль, түүх, хүн ам, нийгэм, эдийн засгийн талаар бүрэн цэгцтэй, орон зайн мэдээлэл авах, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэг олгоход тухайн улсын Үндэсний атлас чухал үүрэгтэй бөгөөд газар зүйн зургуудын цогц бүтээл байдгаараа онцлог.


Монгол Улсын зураг зүйн шинжлэх ухааны хөгжлийг илэрхийлэх хамгийн том бүтээл Үндэсний атлас. Энэ нь байгаль, хүн ам, хөдөө аж ахуйн талаар мэдлэг, мэдээллийг нэгтгэн дүгнэсэн шинжлэх ухаан, танин мэдэхүй, эрдэм шинжилгээ-зураг зүйн иж бүрэн бүтээл юм.


Үндэсний атласыг 1990 онд, дараа нь Монгол улсын үндэсний атласыг шинэчлэн зохиож хэвлүүлэх тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг 2008 онд гарсны дагуу ШУА-ийн эрдэмтэн судлаачдын баг холбогдох байгууллага, мэргэжлийнхэн 2009 онд хэвлүүлж байв.


Уг бүтээл нь манай эх орны газар нутаг, засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөл, байгалийн нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, аж ахуй, нийгэм, эдийн засгийн тухай мэдлэг, мэдээллийг нэгтгэн дүгнэсэн шинжлэх ухаан-зурагзүйн иж бүрэн агуулгатай танин мэдэхүй, онол, практикийн ач холбогдол бүхий суурь бүтээл юм.


Атласт 1:200 000, 1:500 000, 1:1 000 000, 1:2 000 000, 1: 5 000 000-ын масштабтай 256 сэдэвчилсэн зураг орсон бөгөөд үүнд засаг захиргааны бүтэц, газарзүйн нөхцөлийн 12, байгалийн нөхцөл, нөөцийн 95, түүхийн 27, хүн ам, нийгмийн 51, эдийн засгийн 69 сэдэвчилсэн зургууд оржээ

Холбоотой мэдээ