Ш.Оргил: Бид тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-27 14:47:55

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил энэ сарын 27-ны өдрийн  ээлжит мэдээллээ хүргэлээ.

Тэрээр: ”Бид тохиолдол бүртгэгдсэн сумдынхаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлаа үргэлжлүүлэн явуулж байна. Мөн вирус тархах магадлал өндөр сумдын иргэдийг ч гэсэн түүврийн аргаар хамруулж байна. Манай аймгийн хувьд эрсдэл маш өндөр хэвээр байгааг иргэд та бүхэн ойлгож байгаа. Сэлэнгэ аймгийг тойрсон бүх бүсэд, бүр тодорхой хэлбэл Улаанбаатар хот, Орхон аймаг, мөн Дархан-Уул аймагт коронавирусний голомт байгаа гэдгийг иргэд маань байнга санаж хүн бүр ариун цэврийн дэглэмээ сахиж, гэр гэртээ байж, гэр бүлээ хамгаалахыг сануулж байна. Ялангуяа Улаанбаатар хоттой хил залгаа Мандал, Баянгол сумын иргэд, Орхон аймагтай хил залгаа Баруунбүрэн болон баруун бүсийн таван сум, Дархан-Уул аймгийг тойрсон сумдад орох, гарах хөдөлгөөний хязгаарлалт, хараа хяналтыг улам чангатгаж ажиллахыг сумдын Онцгой комиссынхонд онцгойлон анхааруулж байна. Та бидэнд таван минут ч тайвшрах эрх байхгүй. Бид өвчлөл бүртгэгдээгүй тайван бүс нутгийн иргэд биш гэдгээ байнга бодож байх цаг үе ирээд байна” хэмээн онцлон анхаарууллаа.

Мөн тэрээр тусгаарлалтад байгаа 300 шахам иргэний хоол хүнс, нэг удаагийн ахуйн хэрэглээ, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн болон үйлчилгээний ажилтнуудын хэрэглээ. Цаашлаад Сэлэнгэ аймгийн хэмжээнд онцгой нөхцөл байдлыг хангуулан ажиллаж байгаа хяналт шалгалтын 600 гаруй алба хаагчдын хэрэглээ гээд төлөвлөгдөөгүй байсан зардлууд байнга тулгарч байна. Үүнийг бид аль болох хурдан шуурхай шийдвэрлээд ажиллаж байна. Энэ цаг үед манай аймгийн ухамсарт иргэд, нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгжүүд аймаг, сумдын Онцгой комиссын үйл ажиллагаанд сэтгэлийн болоод эд материалын, хүнсний бүтээгдэхүүний гээд өөр өөрсдийнхөө байгаа боломжит бүхий л зүйлсээрээ тусалж дэмжиж байгаа. Бид бүхэн талархаж байгаа гэдгээ дахин тэмдэглэн хэлье. Та бүхнийхээ өгсөн энэ тусламжийг бид хүн амынхаа эрүүл мэндийн төлөө зарцуулах болно гэлээ.   

Холбоотой мэдээ