Б.Сумьяабазар: ААН-үүд ажиллаж байж л иргэд орлоготой байна

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2020-11-27 15:42:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал  /НИТХ/-ын цахим хуралдаан өнөөдөр /2020.11.27/ болов. НИТХ-ын 45 төлөөлөгчөөс цахимаар 19 хүн оролцсон бол 26 төлөөлөгч хүрэлцэн ирснээр 57 хувийн ирцтэйгээр хурал эхэллээ.


Тус хуралдаанаар, COVID-19 халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдал, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Нийслэлийн засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай, Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалт төлөвлөгөөний биелэлт, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлагдах хуулийн этгээд эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэсэн  зургаан асуудлыг хэлэлцэх юм байна.


“COVID-19” халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нөхцөл байдлын талаар Нийслэлийн Засаг дарга Б.Сумьяабазар мэдээллээ. Тэрбээр, "Улаанбаатар хот болон зарим аймагт “COVID-19” халдвар илэрсэнтэй холбогдуулж Засгийн газрын 178, 181 дүгээр тогтоолоор гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Халдвар илэрсэн голомтод бүсүүдэд ойрын хавьтлын 991, дам хавьтлын 68729 нийт 7720 хавьтлыг тогтоож  түргэвчилсэн болон PCR шинжилгээг 59346 иргэнд хийжээ. Өнөөдрийн байдлаар халдварын батлагдсан тохиолдол  нийслэлд 64 болов. Нийслэлд тусгаарлах байранд 1536, гэрийн ажиглалтад 1307 иргэн байна. Олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагаа, зочид буудал, амралтын газруудын ажлыг зогсоож хүнсний худалдаа болон эмийн сангийн ажлын цагийн хязгаарлалт /07.00-22.00 цаг/ тогтоосон. Хотоос орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон хугацаанд зохих журмын дагуу нийт 19478 тээврийн хэрэгслээр 40 мянга гаруй зорчигч нэвтэрсэн байна” гэлээ.


НИХ-ын төлөөлөгчид асуулт асуух үеэр НИТХ дахь АН-ын бүлгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа: 2020 оны нэгдүгээр сараас хойш нийслэл  хот “COVID-19” халдварын эсрэг  бэлэн байдлыг  хэрхэн хангасан. Нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харахад бэлэн биш байсан нь харагдаад байгаа. Ялангуяа НЗД-ын нөөц хөрөнгөд  7,3 тэрбум төгрөг төсөвлөсөн атлаа 11 дүгээр сард данс нь улайсан тэг төгрөгтэй байсан. Харин 4,5 тэрбум төгрөгийг тодотголоор нэмж баталсан.  Хоёрт хэчнээн ажлын байр цар тахлын улмаас зогссон.  Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбар бөгөөд тухайн цаг үедээ л орлогоо олдог. Уул уурхай бол нөхөж орлогоо олох боломжтой. Цаашдаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг үргэлжлэвэл хэдэн хоногийн хөл хориог хот даахаар байгааг асуусан юм.



Нийслэлийн Засаг дарга Б.Сумьяабазар: Монгол Улс өнгөрсөн нэгдүгээр сараас хойш өдөр тутмын бэлэн байдал,  өндөржүүлсэн бэлэн байдал гэсэн хоёр бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Энэ хугацаанд Засгийн газраас  дотооддоо халдвар алдахгүйгээр, дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн зохицуулалт шийдвэрүүдийг  гаргаж ирсэн. Тухайн үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг сулруулах, 14 хоногийн гэрийн хориог цуцлах хүсэлт их ирж цуцалсан. Ингэснээр өдөр тутмын бэлэн байдлын зэрэг рүү шилжүүлсэн. Үүнээс улбаалан цар тахлыг дотооддоо алдах нөхцөл үүссэн гэдгийг мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа. МҮХАҮТ-аас гаргасан судалгаанд хамрагдсан 3530 ААН-үүдийн 96 хувь нь маш хүнд нөхцөл байдалд байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 126 мянган орчим жижиг, дунд, том ААН-үүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэв.


НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан: Нийт төлөөлөгч нарт  цаасан болон файл хэлбэрээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, нөөц хөрөнгийн зарцуулалтын талаар мэдээлэл өгье гэв.


НИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа: Ж.Батбаясгалан дарга та өнгөрсөн долдугаар сард  “НИТХ-ын төлөөлөгчид сонгуульд анхаараад Улаанбаатар хотод ажил хийдэг хүн алга байна” гэж хэлж байсан. Зарим хүмүүст нь та хариуцлага тооцсон. Гэтэл орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгууль гэж улстөржсөөр “COVID-19” халдварын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээг сулруулсан гэдэг ард түмэн дүгнэж байна. Мөн та нар сайн ажилласан гээд  сая төгрөгөөр өөрсдийгөө шагнасан. Нийслэлийн онцгой комиссын хариуцлагагүй байдал халдварыг дотооддоо алдахад нөлөөлсөн гэж бодож байна хэмээн саналаа илэрхийллээ.



Тус хуралд цахимаар оролцож буй НИТХ-ын төлөөлөгч  П.Наранбаяр: МҮХАҮТ-ын судалгаа байна. Нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 70 хувь нь цалин олгоогүй бол ердөө 14 хувь нь цалингаа 100 хувь олгожээ. Ийм байдлаар эдийн засаг хэдий хүртэл тэсэх вэ.  Эрүүл  мэнд, эдийн засаг хоёр Монгол Улсыг хэцүү байдалд оруулж байгааг ойлгож байна. Гэхдээ бид хорио цээрийн дэглэмээ барингаа эдийн засгаа барьж үлдэх хэрэгтэй байна. Үүнд нийслэлээс ямар бодлого баримталж байгаа. Завхөн хорьж, барихаас илүүтэй өөр бодлого баримталмаар байна гэв.


Нийслэлийн Засаг дарга Б.Сумьяабазар: Эдийн засаг хүндхэн байгаа учраас жижиг том гэлтгүй ажлын байр хадгалж буй ААН-ийн үйл ажиллагааг төрөөс бодитоор дэмжих цаг болсон. Хөл хориог гуравдугаар сар хүртэл сунгахаар болбол эдийн  засаг, ажлын байранд үзүүлэх нөлөөллийн тоон судалгааг гаргасан. Ер нь засгийн газар огт ажил хийгээгүй гэж ойлгож болохгүй. Бүх байгууллага тодорхой хэмжээгээр хяналт тавьж ирсэн. Харамсалтай нь, 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцлуулах  асуудлыг сөрөг хүчнээс удаа дараалан шаардаж, шахсаар байгаад Засгийн газраас гэрийн хориог цуцлуулах,  хүчингүй болгох шийдвэрийг гаргуулсан.  Хаа, хаанаа хариуцлагагүйн улмаас халдварыг дотооддоо алдсан. Иргэд ААН-үүдээс халдвар хамгааллын дэглэмээ бариад ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд хэвийн ажиллана. Харин 12 дугаар сарын 1-нээс хойш эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримтлах саналтай байгаа. Бодлогоо боловсруулсан, нөгөөдөр УОК-т танилцуулна. Нийслэлээс эдийн засгаа чөлөөлөх талд анхаарна. ААН-үүд ажиллаж байж л иргэд орлоготой байна гэв.

Холбоотой мэдээ