Тээврийн хэрэгсэлтэй холбоотой хязгаарлалт ирэх сарын 1 хүртэл үргэлжилнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-11-28 22:24:40

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймгийн онцгой комиссын хурал өнөөдөр 20.00 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Үүнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Дархан суманд иргэдийн зорчих хөдөлгөөнийг шинэ, хуучин Дарханаар буюу хоёр бүс болголоо. Ингэснээр өмнө нь 4 хэсэгт хуваагдаж зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал байсныг бага зэрэг тэллээ. Хөдөлгөөн тэлсэн ч автомашины хөдөлгөөн хязгаарлагдмал хэвээр байх бөгөөд иргэд өөрийн бүсдээ хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, эмийн сангаар үйлчлүүлэх зэрэг зайлшгүй тохиолдолд зорчих аж. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой хязгаарлалт 12 дугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Дархан-Уул аймгаас Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий аймаг болон Дархан-Уул аймгийн сумд руу гарах иргэдээс шинжилгээ авах 2 цэгийн бэлтгэл бэлэн байдлыг хангасан аж. Цахим хаягт бүртгүүлсэн иргэдийн шинжилгээг 11 дүгээр сарын 29-нд 08:00-20:00 цагийн хооронд ЕБ-ын 16 дугаар сургууль, Дархан өргөө политехникийн коллежийн байранд тус тус авах ажээ.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын 19 улсын байцаагч 69 байгууллагад хяналт шалгалт зохион байгуулсан. Шалгалтаар 47 зөрчлийг илрүүлж 17 зөрчлийг газар дээр нь арилгажээ.

Өнөөдөр шинээр хоёр гэр бүлийн 9 хүнээс коронавирусний халдвар илэрсэн. Эдгээр 9 тохиолдлын нэгдүгээр хавьтлын 62 хүнийг тогтоож тусгаарласан, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Ажиглан тусгаарлах 8 байранд 407 иргэн байснаас тусгаарлалтын хугацаа дууссан 16 иргэн гэрийн ажиглалтад шилжжээ. Мөн нийт 2122 иргэн гэрийн ажиглалтад байгаа талаар мэдээллээ.

Дархан суманд зохион байгуулсан ''Нэг өрх- Нэг иргэн'' PCR шинжилгээнд хамрагдсан иргэдийн сорьцыг бүрэн шинжилж дууссан. Хонгор сумын Салхит багийн 375 иргэний PCR шинжилгээний сорьцыг шинжилж байгаа талаар мэдээлэл өгч, гаргасан шийдвэрүүдээ танилцууллаа.

 

Холбоотой мэдээ