С.Амаажав: Нөхөр маань хоёр хүүхэдтэйгээ хөдөө ганц гэр үлдсэн, тэдэндээ санаа их зовж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-11-29 16:22:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот руу зөвхөн хувийн шалтгаанаар очоод хөл хорионд орсон Сүхбаатар аймгийн 600 гаруй иргэн байгаа тухай мэдээлсэн. Тэдний нэгэн адил эрүүл мэндийн шалтгаанаар ирээд хөл хорионд орсон Баяндэлгэр сумын малчин С.Амаажавтай цахимаар холбогдон нөхцөл байдлыг нь тодрууллаа.


-Анх хэзээ, ямар шалтгаанаар Улаанбаатар хотод очсон бэ?

-Би анх 11 дүгээр сарын 5-нд эрүүл мэндийн шалтгаанаар хотод ирсэн. Би ер нь улиралдаа нэг ирж эмчилгээ хийлгэдэг юм. Сая ирээд эмнэлэгт хэвтэж байхад долоо хонуулаад 13-ны өдөр эмнэлгээс гаргасан. Яг намайг гардаг өдрөөс хөл хориог чангатгасан.

-Одоо хотод хаана амьдарч байна?

-Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд хадам дүүгийндээ байна. Энэ хороонд өвчлөл гарсан болохоор гэрээсээ ч гарахгүй өөрийнхөө хэмжээнд дэглэмээ сахиж байна. Хурдхан л гэртээ,  хүүхдүүд дээрээ очихын хүслэн болсон хүн байна даа.

-Өөрийн чинь гэр аймгийн төвд үү, суманд уу?

-Уг нь манайх Баяндэлгэр сумын айл. Сүүлийн хоёр жил Мөнххаан суманд отроор нутаглаж байгаа. Ам бүл дөрвүүлээ. Нөхөр, 3-11 насны хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Намайг явахад нөхөр хүүхдүүд маань гэрээ сахиад хөдөө ганц гэр үлдсэн. Аав нь малдаа явахаас эхлээд гэрийн бараа харах нь ховор, хоёр хүүхэд маань ямар байдалтай байгаа бол гэж бодохоор их л санаа зовох юм. Даанч эндээс надад хийж чадах зүйл алга.

-Чамайг анх гэрээсээ гарахад нөхөр, хүүхдүүд тань ямархуу байдалтай үлдсэн бэ? Учир нь өвөлжилтийн бэлтгэл ажлаас эхлээд хөдөөнийхөнд ажил их шүү дээ?

-Тэгэлгүй яахав, ид хүйтэрч байсан л даа. Манайх өвөлжөөндөө ч буугаагүй байсан. Ядаж байхад ганц гэрээрээ нутагладаг болохоор маш их санаа зовж байна. Харин өчигдөр хүмүүсийн тусламжтайгаар өвөлжөөндөө буусан гэсэн. Цас ороод хүйтэрчихлээ. Одоо өвлийн идэш хоол, түлээ түлшээ бэлдэхээс эхлээд ажил их бий.

-Одоо гэрийнхэнтэйгээ холбоо барьж чадаж байгаа юу?

-Холбоо барьж байгаа. Орой үдэш ажлаа гайгүй болохоор холбогдоод л байгаа. Хөөрхий амаргүй л байгаа бололтой ярьдаг юм. Намайг л хүлээсэн хүмүүс тэнд байгаа даа.

-Чамтай адилхан байдалтай байгаа ойр дотны чинь хүмүүс хотод байна уу?

-Өө байлгүй яахав. Гурав, дөрвөн хүн бий. Бүгд л тодорхой шалтгаантай ирээд л гацчихсан. Бүгд л хэцүү байна, харих юмсан гээд арагшаа санаа зовсон хүмүүс л байгаа. Ер нь хөдөөний хүмүүс хотод ирээд айлд удаан байх тийм амар биш.

-Аймаг руу ирэх хүсэлтээ өгсөн үү, шинжилгээнд хаана хамрагдахаар байна?

-Бүртгүүлэлгүй яахав, биднийг хэзээ явуулах гэж байна, яах ёстой юм бол гээд өдөр, шөнөгүй л телевизийн мэдээлэл сонсож сууна. Би сая 26-ны өдөр 119-өөр холбогдож бүртгүүлээд, 29-ний өглөө шинжилгээгээ өгөх ёстой байсан. Тэгээд явж очоод гурван цаг дугаарлан зогсож байгаад ортол шинжилгээний бүртгэл нь баталгаажаагүй байна гээд аваагүй. Яг над шиг ийм байдалтай хэд хэдэн хүн байна лээ. Асуухаар ачаалал ихтэй байгаа болохоор баталгаажуулалт дээр ийм алдаа гарсан байж магадгүй гэж байна лээ. Тэгээд эргэж бүртгүүлээд 12 дугаар сарын 02-ны цаг аваад гарч ирлээ. Уг нь нэг хоногийн өмнө ч гэсэн гэртээ очих нь чухал байгаа юмсан.

-Тантай аймаг, сумаас хэр холбогдож судалгаа мэдээлэл авч, хэрхэх тухай заавар зөвлөмжийг өгч байна?

-Өнөөдөр л Баяндэлгэр сумаас анх удаа залгалаа. Шинжилгээндээ орсон эсэхийг асууж байсан. Түүнээс биш аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас нэг ч удаа залгаж, судалгаа аваагүй. Би л өөрөө аргаа барахдаа аймаг руу залгаж яах тухай асуухаар бид сайн мэдэхгүй, дээрээс тушаал ирнэ гэдэг хариултыг л өгдөг. Яг үнэндээ энд байгаа бид танайхаас болоод орон нутгийнхаа хэдэн мэдээллийн хэрэгслээс л мэдээлэл авч байна.

-Ирээд шууд гэрийн ажиглалтад байх тухай мэдсэн үү?

-Мэдээлэл сонссон. Уг нь заавал аймгийн төв оролгүй Мөнххаан сумандаа буугаад гэртээ ажиглалтад байх саналыг гаргасан. Болох талаар ярьсан, гэхдээ яг яваад очихоор яахыг нь сайн мэдэхгүй юм. Хэрвээ дахиад аймагт 14 хоног гэрийн ажиглалтад байлгана гэвэл хүнд л байна. Хэдийгээр өвчин хэцүү гэдгийг мэдэж байгаа ч бидэнд ч бас хэцүү л байна. Бүгд л ардаа амьдралтай. Аав ээж, эхнэр нөхөр, үр хүүхдүүдээ орхиод ирсэн хэдэн зуун хүн байна. Уг нь бүгд шинжилгээгээ өгөөд өвчлөлгүй байвал гэр гэр лүү нь шууд явуулаад, гэрт нь ажиглалтад байлгаасай гэж хүсэж байна.

-Баярлалаа.

 

Холбоотой мэдээ