Талархлын баярын дараа халдварын тохиолдол олноор нэмэгдэж болзошгүйг анхааруулжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-11-30 12:15:28

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д коронавирусний халдварын тохиолдлын тоо ирэх долоо хоногуудад олноор нэмэгдэж болзошгүй гэж тус улсын халдварт өвчин судлалын мэргэжилтэн Энтони Фаучи анхааруулжээ.


Талархлын баярыг тохиолдуулан олон сая хүн гэр орондоо эргэн ирж байгаа юм. Хүмүүс амны хаалт зүүж, зайнаас харилцах зэргээр халдварын тархалтыг сааруулахад хувь нэмрээ оруулахад оройтоогүй байна гэж тэрбээр хэлсэн байна.


АНУ-д өнөөдрийн байдлаар 13 сая гаруй хүн халдвар авч, 266 мянга гаруй хүн нас баржээ. Мөн өнгөрсөн ням гаргийн байдлаар 11 дүгээр сард халдвар авсан хүний тоо дөрвөн сая давсан нь 10 дугаар сарынхаас хоёр дахин өндөр үзүүлэлт болжээ.


Талархлын баярын үе нь АНУ-ын аяллын салбарын хувьд хамгийн хөл хөдөлгөөн ихтэй долоо хоногт тооцогддог бөгөөд өнгөрсөн оны баярын үеэр 26 сая хүн нисэх онгоцоор зорчсон байна.


Эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд энэ удаагийн талархлын баярыг гэртээ өнгөрүүлэхийг уриалсан боловч энэхүү долоо хоногт АНУ-ын нисэх буудлуудын ачаалал энэ оны гуравдугаар сараас хойш хамгийн ихээр нэмэгджээ.


“Талархлын баярын дараа халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх нь бараг тодорхой байна. Энэ үеэр зорчсон хүмүүс "боломжтой тохиолдолд" өөрийгөө тодорхой хугацаагаар тусгаарлах хэрэгтэй” гэж Э.Фаучи “АВС” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. 

Холбоотой мэдээ