Ираны парламент уран баяжуулах түвшнийг нэмэгдүүлэх хуулийн төслийг дэмжжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-30 13:16:25

ТЕХРАН. /Tasnim/. Ираны Межлис буюу парламент уран баяжуулах түвшнийг нэмэгдүүлэх хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчлэх саналыг дэмжлээ гэж “Tasnim” агентлаг мэдээлжээ. Хуулийн төслийг батлах эцсийн санал хураалтыг Межлис лхагва гарагт явуулж магадгүй гэж тус агентлаг онцлон тэмдэглэсэн байна.


Уран баяжуулах түвшнийг нэмэгдүүлэх хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчлэх шийдвэрийг Ираны Батлан ​​хамгаалах яамны дэргэдэх судалгааны төвийг удирдаж байсан цөмийн физикч Мохсен Фахризадег хөнөөсөн тухай баасан гарагт мэдээлсний дараа гаргажээ.


Хэрэв дээрх хууль батлагдвал Ираны Засгийн газар жилд дор хаяж 120 кг 20 хувь хүртэл баяжуулсан уран үйлдвэрлэх үүрэг хүлээнэ. Цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаарх хэлэлцээрт заасны дагуу тус улс 15 жилийн хугацаанд 3.67 хувиас хэтрэхгүй түвшинд уран баяжуулах ёстой юм. Түүнчлэн Ираны эрх баригчид нэг жилийн дотор Натанза, Фордо дахь цөмийн байгууламжууддаа уран баяжуулахад ашигладаг тоног төхөөрөмж болох центрифугийг нэг мянгыг нэмж ашиглалтад оруулах ёстой байна.


Мөн уг хуульд цөмийн гэрээнд гарын үсэг зурахаас өмнө ажиллаж байсан Арак дахь цөмийн реакторыг сэргээн босгох төслийг нэн даруй эхлүүлэхийг заажээ.


Ираны Техран мужийн Дамовенд хотод Фахризадегийн амь насанд халдахыг оролдсон тухай “Fars” агентлаг өнгөрөгч баасан гарагт мэдээлсэн бөгөөд тэрбээр шархдаж, эмнэлэгт нас барсныг тус улсын Батлан хамгаалах яам нотолсон юм. Фахризадег хөнөөснийг зүгээр өнгөрөөхгүй гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани бямба гарагт мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ