Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-11-30 16:28:26

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 11 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр Улаанбаатар, Сэлэнгэ, Архангайгаас бусад аймгийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон. Тэгвэл маргааш буюу 2020 оны 12 дугаар сарын нэгний өглөөний 06.00 цагаас Баянхонгор аймаг дээрх зэрэгт шилжих юм.

Холбоотой асуудлаар аймгийн Онцгой комисс хуралдаж, Улаанбаатар хот болон бусад газарт гацсан иргэд ирэх, явахтай холбоотойгоор Өлзийтийн постын хүчийг нэмэгдүүлэх, баруун тийш хөдөлгөөнийг хянах постыг хэвээр ажиллуулах, Архангай аймагт коронавирусний халдвар гарсантай холбоотойгоор тус аймагтай залгаа оршдог сумдын нэвтрэх хөдөлгөөнийг хянах постыг Эрдэнэцогт сумын нутагт байгуулахаар боллоо. Мөн аймаг доторх хөдөлгөөнийг хэвийн явуулахтай холбоотойгоор бусад хяналтын цэгийг түр хугацаагаар буулгаж, барааны зах, худалдааны төв, үсчин, гоо сайхны газруудыг нээхтэй холбоотойгоор иргэд зай барьж үйлчлүүлэх, халдвар хамгааллыг сахиулах хяналт, зохион байгуулалтыг аймгийн МХГ, Баянхонгор сумын удирдлагуудад үүрэг болгов.

Аймгийн хэмжээнд төрийн байгууллагууд 10-14 цагт ажиллаж иргэдэд шуурхай үйлчлэх, үндсэн чиг үүргийн 11 байгууллага бүтэн цагаар ажиллах юм байна.

Холбоотой мэдээ