Улаанбаатар шувуунд ээлтэй хот болно

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2020-11-30 17:12:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шувуу хамгаалах төвөөс цахилгаан дамжуулах агаарын шугамын эзэмшигч байгууллагад эрсдэлээс хамгаалсан хуванцар бүрхүүл, шувуу үргээгч байршуулах хүсэлтийг УБЦТС ХК-д хүргүүлжээ.


Цахилгаан дамжуулах агаарын шугам эзэмшигчдийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тодорхой нөхцөл тусгаснаар энэ асуудлыг 1-2 жилд шийдэж, Улаанбаатар шувуунд ээлтэй хот болох юм.


Бүх шугам бус 6, 10, 15 кВ-ын цахилгаан дамжуулах шугамын хийцэд асуудал байдаг аж. Нийслэлд ийм хийцтэй 2773 шон байгааг Монголын шувуу хамгаалах төв өнгөрсөн 10 дугаар сард байгаль хамгаалагчдын оролцоотой тоолжээ.


Зарим аймаг үлийн цагаан оготнотой тэмцэхэд хор ашиглаж байгаа нь муу үр дагавартай бөгөөд энэ нь хүн, мал, амьтан бүгд хордох аюултай. Харин байгалийн аргаар хортон мэрэгчдийн тоо толгойг зохицуулагч махчин шувууд эрсдээд байгаа цахилгааны шугамаас хамгаалах шаардлагатай аж.


Шувуу бол ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүдсэн халдварт өвчин тархахаас сэргийлж байдаг байгалийн эмч юм.


Зургийг: Монголын шувуу хамгаалах төв

 

Холбоотой мэдээ