Ираны цөмийн физикчийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсэг байгуулна

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-11-30 18:13:52

ТЕХРАН. /TASS/. Ираны Дээд шүүхийн дарга Эбрахим Раиси цөмийн физикч Мохсен Фахризадегийн амийг хөнөөсөн хэргийг шалгах тусгай ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо.


"Ерөнхий прокурорын газар Зэвсэгт хүчний Жанжин штаб, Зэвсэгт хүчний дэргэдэх Шүүхийн байгууллага, тагнуул, аюулгүй байдлын албадтай хамтран аллагын захиалагч, зохион байгуулагчдыг эрүүгийн хариуцлагад татах тусгай баг байгуулна" гэж Райси мэдэгдсэн байна.


Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Ираны цөмийн технологийн эрдэмтэн Мохсен Фахризаде нийслэл Техран хотын ойролцоо халдлагад өртөж, амиа алдсан билээ. Халдлагыг зэвсэглэсэн бүлэг хүмүүс үйлдсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байв. Харин ням гарагт “Fars” агентлагийн мэдээлснээр, уг халдлагыг алсын удирдлагатай автомат буугаар үйлджээ. 


Одоогоор халдлагыг Израилын тусгай албад гүйцэтгэсэн гэж Ираны эрх баригчид үзэж байгаа юм. Израилын тусгай алба бусад орны тагнуулын албыг татан оролцуулж зохион байгуулсан байж магадгүй гэж Ираны Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны албан ёсны төлөөлөгч Абольфазль Амуйи мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ