Авто тээврийн төвийн бэлтгэл ажилтай Онцгой комисс танилцлаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-11-30 21:29:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэд зохих шинжилгээ сорьцоо өгснөөр Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 12 дугаар сарын нэгнээс орон нутаг руугаа нэвтрэхээр болсон. Тус ажлыг орон нутагт хариуцан зохион байгуулах Авто тээврийн төвийн бэлтгэл ажилтай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан бусад гишүүдийн хамт танилцлаа. 

Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирэх иргэд PCR шинжилгээг өгөх бөгөөд шинжилгээ авсан газраас QR кодыг тухайн иргэнд олгох юм. QR кодоо авсан иргэд Авто тээврийн үндэсний төвөөс тасалбараа бичүүлснээр орон нутагт ирэх боломж бүрдэнэ. Ингэснээр тухайн иргэдийг хот хоорондын тээврийн эрхтэй автобусууд нэгдсэн зохион байгуулалттайгаар  авч ирэх бөгөөд замын дунд иргэдийг бие засуулах үүднээс 1-2 удаа түр зогсолт хийх аж.

Иргэдэд замын хүнсээ өөрсдөө бэлтгэн унаандаа сууж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахин зорчих үүргийг хүлээлгэж байгаа юм. Худаг уртын пост дээр тус иргэдийн бүртгэлийг нягталснаар аймгийн төвд нэвтрүүлэн авто тээврийн төв дээр буулгана. Улмаар тус иргэдийн эрүүл мэндийн байдал бусад бүртгэлийг хянаж шалгаснаар харьяа сумд руу хүргэх унаанд шууд суулган явуулах зохион байгуулалтыг аймгаас хийж байна. 

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос Баянхонгор аймагт ирэх хүсэлтээ 1000 гаруй иргэн гаргажээ. 

Мөн орон нутагт гацсан хотын иргэдийг нэг удаа харьяа харьяа газар руу нь явуулах ажлыг Авто тээврийн төвөөс холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа аж. 

Холбоотой мэдээ