Өмнөговь аймаг руу явах иргэдийн шинжилгээг 12 дугаар сарын 2-ноос эхлэн авна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-11-30 22:56:46

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Онцгой комиссын 28-р хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор 76 постоос 11 постыг үлдээн ажиллуулах шийдвэрийг гаргасан байна.

Манлай суманд хоёр, Цогтцэцийд хоёр, Цогт-Овоод нэг, Гурвантэст хоёр, Даланзадгадад хоёр, Ханбогдод хоёр пост үлдээжээ. Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Хүрэлбаатар "Аймаг сумд руу орж байгаа гол гол зам дээр пост гаргаж байна. Мөн архи согтууруулах ундаа худалдахыг 10 хоногоор хориглолоо" гэлээ.

Иргэдийн хамгийн их хүлээлт үүсгэж байгаа асуудал нь Улаанбаатар хотод хөл хорионд байгаа иргэдээ хэзээ татаж авах вэ гэдэг. Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргал "Аймгийн удирдлагуудын зүгээс удаа дараа Улсын онцгой комисст хүсэлт хүргүүлсэн. Мөн аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Шадар сайдтай уулзаж хүсэлт гаргаснаар энэ асуудал нааштайгаар шийдэгдэж энэ сарын 2-ноос аймаг руу ирэх иргэдээс шинжилгээ авч эхлэхээр болсон. Иргэдээ татаж авах ажлын багийг өнөөдрийн хуралдаанаар байгууллаа" гэлээ.

Уул уурхайд ажиллаж байгаа иргэдийг хөдөлгөөнд оруулахад Улсын Онцгой комиссоос тусгай журам гаргахаар болсон аж. Тиймээс тухайн журам гарахаар энэ асуудлаар дахин хэлэлцэх аж. 12 дугаар сарын нэгнээс аймагтаа судалгаа хийж ямар аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх шаардлагатайг шийдвэрлэхээр боллоо. Мөн аймаг дотроо сумд руу зорчих хөдөлгөөнийг нээлээ. 


Холбоотой мэдээ