Аймгийн дулаан хангамж хариуцсан үйлдвэр, компанийн удирдлагуудад үүрэг өгөв

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-01 12:56:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх аймгийн төв, суурин газарт дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулж буй 11 тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн удирдлагатай цахимаар хуралдаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, ослын нөөц бүрдүүлэлт, санхүү-эдийн засгийн нөхцөл байдлыг сонсов.


Монгол Улс бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотой нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг  хэлэлцлээ.


Сайд Н.Тавинбэх дээрх үйлдвэр, компаниудын удирдлагуудад холбогдох зөвлөмж, үүрэг даалгавар өглөө.


Тухайлбал, дулааны станц, халаалтын зуухны тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангах, технологийн зөрчил, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлагатай эргүүл, жижүүр, шуурхай ажиллагааны баг томилох, ээлжинд ажиллаж буй ажилчдын халууныг хоёр цаг тутамд хэмжиж, халдваргүйжүүлэлт ариутгал хийх, ослын нөөц, сэлбэг материал, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах, эрчим хүчний хангамж доголдсон үед ашиглах нөөц эх үүсвэр бэлдэхийг даалгав.


Түүнчлэн, шаардлагатай үед ашиглалт, засварын инженер техникийн ажилтан, ажилчдыг орлон ажиллах схем гаргаж, бэлэн байдлыг хангах, өвлийг хүндрэлгүй давах, үүсээд буй нөхцөл байдлыг санхүү эдийн засгийн хувьд эрсдэл бага даван туулахад аймгийн онцгой комисстойгоо уялдаа холбоотой ажиллах, орон нутгийн цахилгаан түгээх сүлжээ хариуцсан компанитай хамтран үзлэг, шалгалт хийж, шаардлагатай арга хэмжээг авах зөвлөмж, үүрэг өглөө.


Орон нутагт дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийн төлөөлөлтэй анх удаа хурал хийв. Хуралд Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгаас холбогдов.  

 

Холбоотой мэдээ