Улаанбаатар хот руу буцах хүсэлт өгсөн иргэд явж чадсангүй

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-01 19:56:31

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт байгаа 139 иргэн Улаанбаатар хот руу буцах хүсэлтээ www.119.mn сайтад илэрхийлсэн байна.

Тухайн иргэдийн хувьд шинжилгээгээ өгөөд, өнөөдрийн Өлгий-Улаанбаатар чиглэлийн автобусаар явах ёстой байсан ч түр хойшлогдоод байна. Шалтгаан нь иргэд шинжилгээний хариугаа дээрх сайтын онлайн программд оруулж чадахгүй байгаа аж.

Уг асуудлаар аймгийн Эрүүл мэндийн газрын мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Еркебуланаас тодрууллаа.

Тэрээр, "Иргэд өнгөрсөн сарын сүүлээс Улаанбаатар хот руу буцахаар www.119.mn сайтад бүртгүүлж эхэлсэн. Харамсалтай нь 11 дүгээр сарын 30-ны өдөр оройн 17:00 цагаас хойш сайтад доголдол гарч, хэвийн ажиллагаа нь алдагдсан. Одоог хүртэл гацсан байдалтай байна. Сайтаар дамжуулан Улаанбаатар хот руу буцах хүсэлтээ илэрхийлсэн хүмүүс коронавирусний халдварын шинжилгээ өгч, шинжилгээний хариу нь гарсны дараа дээрх сайтад мэдээллийг нь дахин оруулах ёстой байдаг. Тодруулж хэлэх бас нэг зүйл бол, манай аймагт иргэд www.119.mn сайтад бүртгүүлээгүй мөртлөө Улаанбаатар хот руу явна гэж шинжилгээ өгчихсөн асуудал байгаа. Эдгээр хүмүүсийн хувьд онлайн программд бүртгүүлье гэхээр одоо дээрх сайтын «Хот хооронд зорчих хүсэлт» цэс нь ажиллахгүй байна. Тийм учраас бид Эрүүл мэндийн яам болон систем хариуцсан компанид хандаж, өмнө нь www.119.mn сайтад бүртгүүлсэн хүмүүсийн мэдээллийг оруулдаг яамны дотоод сүлжээний үйл ажиллагааг сэргээсэн байгаа. Одоо уг сүлжээнд бүртгэл хийж эхлээд байна. Харин www.119.mn сайт хэзээ хэвийн ажиллах нь тодорхой бус» гэв.

Ташрамд дурдахад, өнөөдөр тус аймгаас Өлгий-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн 5 автобус гарахаар бэлтгэл ажлаа хангаад байсан юм.     

Холбоотой мэдээ