Хятадын аппарат саран дээр амжилттай газарджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-12-02 11:06:45

БЭЭЖИН. /BBC/. 40 гаруй жилийн хугацаанд анх удаа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчрах Хятадын “Чанъэ-5" сансрын аппарат манай гаргийн дагуул дээр амжилттай газарджээ. 


Хятадын үндэсний сансрын агентлагийн мэдээлснээр, гадаргуу дээр буух ажиллагаа автомат горимоор явагдсан бөгөөд 15 минут үргэлжилж, мягмар гарагт орон нутгийн цагаар 23 цаг 15 минутад зөөлөн газардсан байна.


“Чанъэ-5" аппаратыг 11 дүгээр сарын 23-нд хөөргөсөн юм. Хөөргөснөөс таван өдрийн дараа сарны тойрог замд оржээ.  Төхөөрөмж 2 кг реголит цуглуулахаар сарны үзэгдэх талд оршдог Рюмкер галт уулын оргилд газардсан байна. Манай гаргийн дагуулын энэ хэсгийг өмнө нь судалж байгаагүй юм.


Чулуулгийн дээж авахын тулд буугч төхөөрөмж сарны гадаргууг 2 м орчим гүн өрөмдөж, реголитын дээж /сул хөрс, чулуулгийн хэлтэрхий/ цуглуулах юм. Нийтдээ 2 кг орчим дээж цуглуулж, дэлхий рүү авчрахаар төлөвлөжээ. Буугч төхөөрөмжийг мөн хэт улаан туяаны диапазонд ажилладаг спектрометр, аппаратын доорх хөрсийг сканердах чадвартай радараар тоноглосон байна.


"Чанъэ-5" аппарат нь 8.2 тонн жинтэй бөгөөд саран дээр буух, гадаргуугаас нь хөөрөх, дээж бүхий контейнерыг тойрог замд залгах, дахин ачих, мөн дэлхий рүү буцаж ирэхэд зориулагдсан дөрвөн модулаас бүрджээ. Өмнөх цуврал загваруудаас ялгаатай нь сарны хүйтэн шөнө халаах төхөөрөмжөөр тоноглогдоогүй учир хөрсний дээж авах ажлыг өдрийн цагаар хийх юм. Үүнд дэлхийн 14 өдөртэй тэнцэх сарны нэг өдөр шаардагдана гэж таамаглаж байна.


Хэрэв даалгавар амжилттай хэрэгжвэл Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болно. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын гараг хоорондын "Луна-24" станц сарнаас 170 грамм чулуулгийн дээж авчирсан юм.


 


Холбоотой мэдээ