Мөнгөн хэт хутганы иж бүрдэл, завьяа аяга

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-03 13:07:12

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейн сан хөмрөгт мөнгөн хэт хутганы иж бүрдэл, завьяа аяга хадгалагдаж байна. Судалгаагаар эдгээр үзмэр нь 19-р зууны үед холбогдож буй. 
Мөнгөн хэт хутганы иж бүрдэл, завьяа аяганы тухайд анх Засагт Хан Хүрэн хэрэглэж байв. Тэрээр 1834 онд төрсөн. Тайж гаралтай, хошуу тайгын газар ажиллаж байжээ. Улмаар түүний хүү Х.Батсуурь, ач хүү Б.Хаш-Эрдэнэ нар өвлөн авч хэрэглэж байсан аж.

Ийнхүү гурван үе дамжсан мөнгөн хэт хутганы иж бүрдэл, завьяа аягыг Ховд аймгийн Музей 2018 онд худалдан авч, сан хөмрөгөө баяжуулжээ.

Мөнгөн хэт хутганы иж бүрдлийн тухайд гар аргаар урласан. Улмаар хэт хутганы бариулын арын хэсэгт алт оруулан цэцгэн хээг шингээснээрээ онцлогтой. 

Мөн хэт нь төмөр тээгтэй. Төмөр тээгийг сураар үдэж холбосон. Улмаар хэтний мөрийг ган төмрөөр хийсэн байна. Мөрний нэг талд нь усан хээ сийлсэн. Хэтний их биеийг гууль ашиглан хийж, хээгээр чимэглэжээ. Түүнчлэн оосор нь хоёр хэсэг ган төмөр сийлбэртэй ба сураар холбосон. Мөн сийлбэр бүхий хоёр жижиг гуулин бэлтэй.

Нийт жин 500 гр. Нийт урт 28.8 см. Гэрний урт 19.9 см. Хутганы урт 22 см бөгөөд жин 205 гр юм. Оосортой бэлний нийт жин 40 гр аж.   

Ховд аймгийн Музей сан хөмрөгөө жил бүр баяжуулж, үзмэр дурсгалт зүйлсийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулж, иргэд олон нийтэд сурталчлах ажлыг нээлттэй зохион байгуулдаг.  

Холбоотой мэдээ