С.Чинзориг: Өвөрхангай аймгийн нэг сая мал бүхий 1700 өрх оторлож байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-03 10:58:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Коронавируст цар тахлын урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг тус тус импортлоход гаалийн албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хийхээр төсөлд тусгажээ. 


УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 1-ний хуралдаанаар эл хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан. Байнгын хорооноос төслийн талаарх найруулгын гурван санал гаргажээ. Тухайлбал, хууль тавдугаар сарын 1 хүртэл үйлчлэх хугацааг долоодугаар сарын 1 гэж өөрчлөх санал байв.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Пүрэвдорж, Г.Мөнхцэцэг, О.Цогтгэрэл, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Чинзориг хуулийн төслийг зарчмын хувьд дэмжихээ илэрхийлэв. Тэрээр, "Зургаан аймагт өвөлжилт хүндэрсэн, ялангуяа Өвөрхангай аймгийн удирдлагын гаргасан тооцоогоор 1700 өрхийн нэг сая мал 15 аймгийн 133 суманд өвөлжиж байна" хэмээн дурдаад, эдгээр отрын малчдад эмнэлгийн үйлчилгээ, түлш, өвс тэжээлээр дэмжих талаар УОК-той хэрхэн хамтарч ажиллаж буйг лавлав. Мөн тэрбээр, хуулийн төсөл батлагдсанаар, өвс тэжээлийн үнэ одоогийн ханшаас буурах, эсэхийг тодруулав. Өнгөрсөн оны мөн үе болон гуравдугаар сарынхтай харьцуулахад өвсний үнэ 50 хувь, тэжээл, хивэг, хорголжингийн үнэ 60 хувиар нэмэгдсэн байгааг тодотгов. Түүнчлэн өвөлжилт хүндэрсэн зургаан аймгаас экспортын 40 мянган тонн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Одоогоор 16 тонн буюу 40 хувьтай байгаа ч Өвөрхангай аймагт 6.5 тонн мах бэлтгэхээс 522 тонн буюу 9 хувьтай байгааг тэмдэглээд, тус аймагт мах бэлтгэл хангалтгүй байгааг лавласан. 


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, отрын малчдын өвөлжилттэй холбоотой гаргах бодлогын шийдвэрийг тухай бүрт нь авч байгаа хэмээгээд, Шадар сайд Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нартай хамт аймгийн Засаг дарга нартай цахим хурал зохон байгуулсан гэлээ. Тус хурлаар өвөлжилтийн бэлтгэл ажил болон отроор явж байгаа малчдад эрүүл мэндийн үйлчилгээ өгөх, бэлчээр хуваарилалтад гарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өгсөн хэмээв. Харин өвс, тэжээлийн хувьд, зах зээлд нийлүүлэлт хомс байгаагаас үнэ өсөж буйг тэмдэглэв. Тиймээс дээрх хуулийн төсөл батлагдсанаар, нийлүүлэлтийг нэмэх, ингэснээр, дотоодын үйлдвэрүүд үнээ тогтвортой барина гэдгийг онцлов. Экспортод гаргах 40 мянган тонн махнаас одоогоор 16.5 мянган тонныг бэлтгэсэн. Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн үед дотоодын хөдөлгөөнийг хорьсноор мах бэлтгэл түр зогссон. Одоо аймгуудын хөдөлгөөн хэвийн болсон тул мах бэлтгэл эргээд сэргэж байгаа хэмээн хариуллаа. 


Хуралдааны үеэр, УИХ-ын дарга Г.Занданшатар, олон аймагт цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрч байгаа үед өвс, тэжээл, хивэг, хорголжингийн үнэ нэмэгдэж байгааг тэмдэглээд, цар тахлын үед нөхцөл байдлыг далимдуулж үнэ хөөрөгдүүлж байгаа асуудалд ШӨХТГ, ХХААХҮЯ онцгой анхаарч хатуу тэмцэж зохицуулах хэрэгтэйг онцлов. 


Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан гурван найруулгын саналыг гишүүд дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Холбоотой мэдээ