Байгалийн усанд химийн 90 орчим элемент байгааг тогтоожээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-02 16:45:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгалийн усанд 90-ээд химийн элемент байгааг илрүүлээд байна.


Эрдэс ихтэй усыг ууж дасаагүй хүн хэрэглэхэд ам цангах, биеийн хүчил шүлтийн тэнцвэр өөрчлөгдөх, зүрхний ажиллагаа сулрах, ходоод гэдэсний архаг хууч өвчин хурцдах шинж тэмдэг илэрдэг аж.


Ундны усны эрдсийн хэмжээ нэмэгдэхэд хүний биеийн ус давсны тэнцвэр алдагдаж, янз бүрийн өвчин үүсэх нөхцөл бүрдэнэ.


Эрдэс хэт буюу 100мг/л-ээс бага эрдэстэй бороо, цас, өндөр уулын бүсийн зарим голын ус, нэрсэн ус нь хүний биед сөрөг нөлөө үзүүлж, хүн амын дунд жин буурч хатингарших, бамбай булчирхай томрох, зүрх судасны өвчнөөр өвчлөх, кальци дутагдаж яс хэврэгших, тархины судас нарийсах, булчин сулрах шалтгаан болдог байна.


Иймд говийн бүсэд ундандаа эрдэс их ус байнга хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул шүүсэн ус илүү зохимжтойг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнгийн УНУАС-ын  ЭШДэА. Т.Энхжаргал тэмдэглэжээ.


Ундны усны чанарын бас нэг шалгуур нь хатуулаг. Манайд ундны усны стандартад хатуулгийн зөвшөөрөх дээд хэмжээг 7.0 мг-экв/л-ээс хэтрэхгүй гэж заасан. Хатуулаг ихтэй ус унданд байнга хэрэглэхэд ходоодны шүүс ялгарлыг ихэсгэх, ялгах эрхтэн, элэг цөсний чулуужих өвчин үүсэхэд нөлөөлдөг.


Ундны уснаас хүн зарим бичил элементийн хоногийн хэрэгцээний фторын 60, зэсийн 28, цайрын 14, манганийн 4, иодын 2.5-4, анзаны 0.2 хувийг авдаг.


Байгалийн усан дахь бичил элементийн илүүдэл, дутагдлаас болж хүн амын дунд шүд үйрэх, хорхойтох эмгэг үүсдэг.  Фтор дутагдахад шүд цоорох, яс сийрэгжих, ясны хэвийн өсөлт саарах, ясны бат бэх чанар алдагдах шинж илэрдэг. Ундны усны стандартад  фторын зохимжтой хэмжээг  0.7-1.5 мг/л  гэжээ.  


Манай орны  хувьд өндөр уулсын бүсийн томоохон хот, суурин газрын ус нь фторын агууламж багатай. Иймд өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэдэд фторжуулсан бүтээгдэхүүн, шүдний эмчийн заавраар хүүхдэд F-той витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх, 6 сард нэг удаа шүдэндээ фтор түрхэхийг  зөвлөж байна. 


Харин говь, тал, хээрийн бүсийн газрын доорх усанд фторын агууламж өндөр. Флюоритийн томоохон орд газруудтай уялдаж, фторын агууламж их байдаг тул аль болох фторжуулсан бүтээгдэхүүнээс татгалзах аж. 

Холбоотой мэдээ