Барилга байшин барихаас түрүүнд хувь хүний хөгжил рүү анхаарахыг сануулав

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-02 22:28:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа.

Өнгөрсөн жилүүдэд Өвөрхангай аймаг дэд бүтэц, бүтээн байгуулалт, ногоон байгууламжаа нэмж, өнгө зүсээ сайжруулсан, харин ирэх жилүүдэд барилга байшин барихаас түрүүнд хувь хүний хөгжил, айл өрхийн амьжиргаанд түлхүү анхаарч, хөдөө аж ахуйн салбар руу хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэсэн саналыг Төлөөлөгчдийн олонхын зүгээс илэрхийлж байв. Мөн аялал жуулчлалыг дэд бүтцийг шийдэх замаар хөгжүүлэх, тухайлбал Бүрд сум дахь төв цэг рүү засмал зам тавих, тариалангийн талбайг усжуулах, анхан шатны үйлдвэрлэлийг хөгжүүлэх саналыг хэлж байлаа.

Аймгийн Засаг дарга А.Ишдорж Төлөөлөгчдийн асуултад хариулсан юм. Тэрээр хэлэхдээ “Хатуу хучилттай замыг өндөр төсөв өртгөөр тавьдаг. Улсын төсвийн хүчин чадлаас хамаардаг ажил. Нэг км асфальтан зам тавихад зөвхөн зураг төслийн ажил нь 40 сая төгрөг болдог. Ингээд бодохоор Төв цэг рүү 12 км зам тавихад 8.4 тэрбум төгрөгийн өртөг гарна. Бид эхний ээлжинд улсын чанартай авто замын дагуух сумдыг хатуу хучилттай авто замаар холбоно. Есөнзүйл, Хайрхандулаан сумаас энэ ажлыг эхлүүлнэ” гэв.

Мөн “Халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлого руу шилжүүлнэ. Гар хуруугаа хөдөлгөж байж, түүнийхээ үр шимийг хүртэх байдлыг төлөвшүүлэхгүй бол ажил хийх хүн олдохоо байлаа. Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хийнэ. Сум бүрт жилийн 3 хувийн хүүтэй “Сум хөгжүүлэх сан” гэж байдаг. Одоогоор 600 гаруй сая төгрөгийг эргэн төлөөгүй, хугацаа нь хэтэрчихсэн байна. Ихэнх төслийг зориулалтын дагуу зарцуулаагүй болохоор үр дүн гардаггүй. Үүнд дүгнэлт хийж, эргэн төлөлтийг эрчимжүүлж, үнэхээр юм хийх хүсэлтэй, тав арван ажлын байр бий болгох боломжтой, эргээд зээлээ төлөх сэтгэлтэй хүмүүстээ ахиухан дүнгээр зээл олгоно” гэсэн юм.

Холбоотой мэдээ